Шинэ Зеландын парламент 2008 оноос хойш төрсөн хүмүүст тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдаалахыг хориглох тухай хуулийг мягмар гарагт баталжээ.
Ингэснээр ирэх оны нэгдүгээр сараас эхлэн тамхи худалдан авах боломжтой хүмүүсийн тоо жил ирэх тусам буурахаар болж байна. Өөрөөр хэлбэл, 2050 он гэхэд 40 настнуудад тамхи зарахгүй гэсэн үг юм.
Энэхүү хуулийн төслийг танилцуулсан Эрүүл мэндийн сайд Аиша Верралл парламентын шийдвэрийг “тамхигүй ирээдүйн төлөөх” томоохон алхам болж байна хэмээн цохон тэмдэглэжээ.
Шинэ Зеландад тамхидалтын түвшин хэдийнээ түүхэн доод үзүүлэлтэд хүрээд байгаа юм. Тодруулбал, 11 дүгээр сард Засгийн газраас танилцуулсан статистик мэдээллээр насанд хүрэгчдийн ойролцоогоор 8 хувь нь өдөр тутам тамхи татдаг гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь өмнөх оныхоос 1.4 хувиар буурчээ.
Харин Тамхигүй орчны тухай хуулийн төсөлд энэ үзүүлэлтийг 2025 он гэхэд 5 хүрэхгүй хувьд хүргэн бууруулж, улмаар урт хугацаандаа тэглэх зорилтыг дэвшүүлсэн байна. Мөн тамхин бүтээгдэхүүн худалдаалдаг жижиглэн худалдааны газруудын тоо одоогоор 6000 байгааг 600-д хүргэн хязгаарлаж, тамхины донтуулах үйлчилгээг бууруулахын тулд никотины түвшнийг багасгах талаар тусгасан байна.