Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна


"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бүх нийтээр амарна.

Учир нь арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байна.

Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Тиймээс монголчуудын хувьд түүхэн чухал өдөр хэмээн үзэж,УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгосон юм.

Харин 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” хэмээн хуульчилж, орон даяар амралтын өдөр болгон тэмдэглэхээр болсон билээ.