Илон Маск дэлхийн хамгийн чинээлэг эрхмийн байр сууриа алджээ



Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааны үнэ энэ жил огцом унаснаар Илон Маск дэлхийн хамгийн баян хүн байхаа больсон байна.

Форбес болон Блүүмбергийн мэдээлснээр “LVMH” группийн гүйцэтгэх захирал Бернард Арно хөрөнгөөрөө тэргүүлжээ. Тус групп Christian Dior, Celine, TAG Heuer, Bulgari зэрэг хувцас, гоёл чимэглэл, дарсны тансаг зэрэглэлийн 75 брэндийг удирддаг, 60 орчим охин компанитай.

“LVMH” группийн гүйцэтгэх захирал Бернард Арно

Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск компанийнхаа хамгийн том хувьцаа эзэмшигч буюу 14 орчим хувийг эзэмшдэг. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард 44 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар Твиттерийг худалдан авсан.

Форбес сэтгүүлийн мэдээлснээр Маск одоо ойролцоогоор 178 тэрбум долларын хөрөнгөтэй. Харин “LVMH” группийн гүйцэтгэх захирал Бернард Арногийн нийт хөрөнгийн хэмжээ 188 тэрбум доллар.

Илон Маскийн Твиттерийг худалдан авах үйл явц олон сар хууль эрх зүйн маргаантай  байсан. “Wedbush Securities” хөрөнгө оруулалтын фирмийн Дан Айвс мэргэжилтэн “Твиттерийн хэлэлцээрийг тойрсон асуудал Теслагийн хувьцааны үнэд нөлөөлсөн" гэж онцолсон юм.

Тодруулбал Илон Маск энэ худалдан авалтыг санхүүжүүлэхийн тулд олон тэрбум долларын үнэ бүхий Теслагийн хувьцааг зарсан нь хувьцааны үнэ буурахад нөлөөлжээ.

Эдийн засгийн байдал хүндэрсэн,  зээлийн өртөг өндөр байгаад Тесла компанийн худалдан авагчид сэтгэл дундуур байгаа аж. Мөн бусад компанийн цахилгаан автомашины төрөл нэмэгдэж байгаа тул тус компанийн борлуулалтад асуудал тулгарч магадгүй гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байна. Түүнчлэн Тесла компанийн автомат жолоодлоготой машин осол гаргаж, шүүмжлэл дагуулсан билээ.

Эх сурвалж: BBC