Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) орчин үеийн стандартыг эх орондоо нэвтрүүлсэн улсын жишиг эмнэлгүүдийн нэг. 2019 оноос эхлэн Ангиографийн тасгаа нээж, үйл ажиллагаагаа өргөтгөсөн юм. Ингэснээр үйлчлүүлэгчдэд нэг дороос цогц эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлжээ. Энэ талаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Ангиографын тасгийн Ангиографийн их эмч Н.Баасанжавтай ярилцлаа.
УХТЭ-т ангиографийн тасаг байгуулагдаад удаагүй гэсэн. Тасгийн хувьд ямар хүчин чадалтайгаар хичнээн төрлийн оношилгоо, эмчилгээ хийж байгаа вэ?
УХТЭ-ийн хувьд ангиографийн оношилгоо, эмчилгээг хэвлий, тархи, зүрх болон бусад чиглэлээр хөгжүүлж байна. Үндэсний оношилгооны төвд тавигдсан ангиографийн тоног төхөөрөмжийн хувьд маш сайн хүчин чадалтай бөгөөд бүх эрхтэн тогтолцооны оношилгоог хийх боломжтойгоороо давуу талтай. Манай тасаг нь ангиографийн дөрвөн эмчтэй, хоёр сувилагч, хоёр техникчтэйгээр ангиографийн оношилгоо, эмчилгээг үзүүлж байна.
Ангиографын тасаг нь одоогоор хавдрын ангиографи, захын судасны ангиографи, мэдрэлийн ангиографын оношилгоо эмчилгээнүүд болон бусад төрлийн мэс ажилбарууд хийгдэж байна. Тухайлбал, элэгний хавдрын чиглэлээр Элэгний анхдагч хавдрыг химийн тариагаар бөглөх эмчилгээ , Элэгний анхдагч хавдрыг радио долгионоор түлэх эмчилгээ , Үүдэн венийг бөглөх эмчилгээ, Цөсний замд урсгуур гуурс тавих болон элэгнээс эдийн шинжилгээ авах, зэрэг оношилгоо эмчилгээнүүд хийгдэж байна.
Одоогоор хэчнээн хүнд энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлээд байгаа вэ?
Ангиографийн тасаг нь үүсэн байгуулагдсанаасаа хойш одоогийн байдлаар нийт 2150 орчим хүнд элэгний хавдрын ангиографийн оношлогоо хийгээд байна. Үүнээс элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээг 1420, элэгний анхдагч хавдрыг радио долгионоор түлэх эмчилгээг 450, элэгний үүдэн венийг бөглөх эмчилгээг 90, цөсний замд урсгуур гуурс тавих эмчилгээг 80 хүнд хийж гүйцэтгэсэн.
Ингэснээр Хавдар Судлалын Үндэсний төвийн ачааллыг бууруулж эмчлүүлэгчдэд хүлээгдэл үүсгэхгүй ажиллаж байна. Манай тасгийн эмч мэргэжилтэнгүүдийн хувьд бүгд ангиографийн чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн.
Цаашид шинээр нэвтэрч байгаа ангиографийн оношилгоо, эмчилгээг эх орондоо нэвтрүүлэхээр манай хамт олон ажиллаж байна.
Ангиографийн оношлогоо, эмчилгээний онцлог нь юу вэ?
Дэлхий дахинд минималь инвазив буюу хүндээ хүрц багатай эмчилгээ гэдгээрээ ангиографын мэс ажилбарууд нь давуу талтай. Тухайлбал, хүндээ зовиур шаналгаа багатай, зүсэж нээхгүй эмчилгээний үр дүн сайтай бөгөөд эмчилгээний явцад ерөнхий унтуулга шаардлагагүй хэсгийн мэдээ алдуулалттай эмчилгээг хийдэг.
Ингэснээр мэс заслын дараах зовир шаналгаа багатай, эмнэлэгт хэвтэх ор хоног цөөн (эмнэлэгт хэвтэх хугацаа нь 24-72 цаг буюу 1-ээс 3 хоног байна) эмчилгээний дараа хэвийн амьдралдаа хурдан хугацаанд шилжих боломжтой гэдгээгээр энэ эмчилгээ нь давуу талтай юм.
Мэс заслын эмчилгээний дараах хяналт нь ямар байдаг вэ?
Хоёр сар тутамд эмчлүүлэгчдээ хянаж, 2-оос 3 сарын хугацаанд лабораторийн шинжилгээ болон бусад шинжилгээтэй харьцуулалт хийж хянадаг.
Үндэсний оношилгооны төвд тавигдсан ангиографийн тоног төхөөрөмж нь эрхтэн тогтолцооны ангиографийг хийх боломжтой гэлээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
Ангиографын тасаг нь 2018 оны загвар болох GE INNOVA 530 олон улсад сүүлийн үед ихээр ашиглах болсон дэвшилтэт технологийн аппаратаар тоноглогдсоноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт илүү ахицтай үйлчилгээг үзүүлж байна.
Энэхүү аппарат StentViz, Innova chase, Innova vision, Onetouch stenosis analysis, Innova Heartvision, Innova Trackvision зэрэг олон шинэ технологийн чадвартай юм.
Мөн эмчилгээндээ RF-Medical m-3004 брендын радио давтамжит долгионы түлэлтийн аппаратыг ашиглаж байна. Уг аппарат нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн Элэг, бөөр, үтрээ, уушиг, яс, бамбай булчирхай, варикоз судас зэрэг олон эрхтэн дээр түлэлт хийх системтэй дэвшилтэт технологийн аппарат юм.
Элэгний хавдар үүсэх гол шалтгаан юу вэ?
Монголд элэгний хорт хавдрыг үүсгэж буй үндсэн хэд хэдэн шалтгаан байдаг. Эхний шалтгаан нь элэгний B, C, Д вирус гэж байдаг. Элэгний хавдраар өвчилсөн хүмүүсийн 85-90 гаруй хувь нь B, C вирус хавсарсан мөн B болон дельта хувилбар хавсарсан вирусүүд нь хүний биед удаан хугацаанд байж 10-15 жилийн дараа элэгний хавдар үүсгэдэг.
Амьдралын буруу хэв маяг, архины хэрэглээ, хувь хүний элэгний эд эсийн онцлогтой холбоотойгоор үүсэж байгаа. Тиймээс эрт шатандаа элэгний В,С,Д вирусийг оношилж чадах юм бол элэгний хавдраас сэргийлж чадна гэсэн үг.
Одоогийн байдлаар В,C вирусийн эмчилгээ бол гарсан байгаа. Харин Д вирусийн эмчилгээ судлагдаад явж байгаа.
Урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгнө үү?
В вирусийн эсрэг вакциныг хийлгэснээр ирээдүйд элэгний хавдар тусах эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна. Монгол улсад 1992 оноос хойш тогтмол В вирусийн 3 тун вакцин хийгдэж эхэлсэн.
Иргэд элэгний “B” вирусийн эсрэг вакциныг нэг удаа хийлгээд тэгээд насан туршдаа дархлаатай байна гэсэн буруу ойлголттой байдаг. Өөрөөр хэлбэл, вакцины хугацаа нь 10-аас 15 жил орчим байдаг учраас насан туршдаа В вирусийн вакцин хамгаална гэж бодохгүйгээр 10-15 жил тутамдаа В вирусийн вакциныг хийлгэх зөв.
Вакцин нь тодорхой хэмжээний хугацаатай учир иргэд заавал эсрэг биетийн шинжилгээ өгөх шаардлагатай. Хэрэв идэвхжил нь сул байвал дахин дархлаажуулалтдаа хамрагдаж байж элэгний өвчлөлөөс хамгаалах боломжтой.
Эх сурвалж: ЭМЯ