Эрүүл мэндийн яамнаас /2022.12.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.БАЯРБОЛД:
Улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгт 707,776 иргэн иргэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдаад байна. хамрагдсанаас 45.8 хувь нь эрэгтэйчүүд, 54,2 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь авч үзвэл 50,1 хувь нь Улаанбаатар хотоос бол 49,9 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна. 0-17 насны хүүхдүүдийн хамрагдалт нийт илрүүлэлтийн 69 хувь, 18-аас дээш насны иргэд нийт илрүүлгийн 31 хувийг эзэлж байна.
Нийслэлээс Баянгол дүүргийн нийт иргэдийн 38,6 хувь, Баянзүрх дүүргийн иргэдийн 24 хувь, Налайх дүүргийн иргэдийн 30,8, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн 12,6, Сүхбаатар дүүргийн иргэдийн 27,6, Хан-Уул дүүргийн иргэдийн 19,4, Чингэлтэй дүүргийн иргэдийн 18,7 хувь нь эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдаад байна. Одоогийн байдлаар 699,000 гаруй иргэний шинжилгээний хариу бүрэн гарч, шинжилгээний хариуг иргэдэд хүргэсэн. Шинжилгээнд хамрагдсан иргэд хариугаа E-Mongolia хуудаснаас авах боломжтой.
Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс 390,925 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдийн 57,1 хувь нь эмэгтэй, 42,9 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол 64.9 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, 9.1 хувь нь дотоод шүүрэл, тэжээлийн ба бодисын солилцооны өөрчлөлт, зургаан хувь нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчин, 5.8 хувь зүрх судас, 4.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн бөгөөд эдгээр таван өвчлөл нь нийт өвчлөлийн 90 хувийг эзэлж байна.
Эдгээр иргэдэд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгөхөөс гадна, дараагийн шатны шаардлагатай тусламж, үйлчилгээг хүргэж байгаа.
Мөн эрт илрүүлгийн хугацаанд хортой, хоргүй хавдрын нийт 2,796 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, онош тогтоолгохоор дараагийн шатны байгууллагад хандсан. Одоогоор 135 хортой хавдрын шинэ тохиолдлын оношыг баталгаажуулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн.
Эх сурвалж: ЭМЯ