Өнөөдөр өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.
2022 оны 12 дугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Маргааш баруун аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 13, 14-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -41...-46 градус, өдөртөө -27...-32 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -10...-15 градус, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.