Өмнөд Солонгосын парламент мягмар гарагт "Солонгос нас" гэгддэг нас тоолох уламжлалт системдээ өөрчлөлт оруулах хууль баталжээ. Хуулийн дагуу иргэдийн бичиг баримтууд 2023 оны зургаадугаар сараас эхлэн олон улсын стандарт руу шилжих аж. Ардын эрхийн намын төлөөлөгч Ю Сан Бом нас тоолох системийн ойлгомжгүй байдлаас болж хүний эрхийн болон нийгмийн төөрөгдөл үүсэж, маргаан их гардаг тул эдгээр асуудлыг шийдэх зорилготойгоор уг хуулийг баталсан гэжээ.
Солонгос нас тооллоор хүүхдийг төрөх үед нь нэг нас хүрсэн гэж үздэг бөгөөд бусад улсууд шиг төрсөн өдрөөрөө бус цагаан сар болгоноор нэг нас хүрсэн гэж тооцдог байна. Өөр нэг аргачлалаар Өмнөд Солонгост шинээр төрсөн хүүхдийг тэг настай гэж үздэг ба төрсөн жилийнх нь нэгдүгээр сарын 1-нд нэг нас нэмдэг байна. Энэ аргыг голчлон согтууруулах ундаа, тамхи худалдан авах зөвшөөрөл олгох зорилгоор ашигладаг байна.
Тиймээс 2002 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн иргэн 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ний байдлаар олон улсын системээр 19 настай бол Өмнөд Солонгосын хоёр системээр 20 эсвэл 21 настай болох аж.
Олон улсын стандарт систем буюу дөнгөж төрсөн хүүхдийг тэг настай хэмээн бүртгэж, дараагийн төрсөн өдөр болгонд нь нэг нас нэмж тооцдог тогтолцоог Өмнөд Солонгост 1960 оноос хойш эмнэлгийн болон хууль эрх зүйн зорилгоор ашиглаж иржээ.
Тус улсын Хууль зүйн сайд Ли Ван Гю “Хүмүүс өөрийгөө нэг эсвэл хоёр насаар залуужна гэдгээ мэдвэл нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: ВВС