Мансууруулах бодис зөөвөрлөсөн хэргээр ОХУ-д хоригдож байсан АНУ-ын сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутаар солилцсон байна.
ОХУ-ын ГХЯ-наас мэдээлснээр тэднийг Абу Дабигийн нисэх буудалд солилцжээ.
Пүрэв гарагийн орой Бут Москвагийн Внуково нисэх буудалд ирсэн бөгөөд түүнийг эхнэр Алла болон ээж Раиса Бут нар хүлээж байсан аж. Түүний буцаж ирж буй үйл явдлыг Оросын телевизээр шууд дамжуулсан байна.
Виктор Бут сэтгүүлчдэд ярихдаа түүнийг солилцох гэж буй талаар урьдчилж мэдэгдээгүй бөгөөд шөнө гэнэт сэрээгээд юмаа бэлд гээд л аваад явсан тухай хэлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мөн Грайнерийг гэр лүүгээ буцаж буй талаар мэдээлжээ. "Хэдхэн минутын өмнө би Бриттни Грайнертай ярьсан. Тэр одоо аюулгүй. Одоо онгоцонд яваа. Тэр гэртээ харьж байгаа" хэмээн Твиттертээ бичсэн байна. Түүнчлэн Байден ОХУ-д мөн ял эдэлж буй тэнгисийн цэрэг асан Пол Уиланыг эх орондоо авчрахаар ажиллаж буй талаар мэдэгджээ.
Тэднийг солилцох ажилд Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж нар дэмжлэг үзүүлсэн байна. Мөн тэднийг солилцохын өмнө хоёуланд нь өршөөл үзүүлсэн талаар Оросын талаас мэдээлжээ.
ЗХУ-ын Агаарын цэргийн хүчний офицер асан Бутыг 2010 онд АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх газрын ажиллагааны дараа Тайландаас АНУ-д шилжүүлэн өгчээ. Түүнийг дэлхийн хамгийн алдартай зэвсгийн наймаачдын нэг гэх бөгөөд түүний амьдралын түүхээр Холливуд "Lord of War" киног хийсэн байна.
Бут Америкчууд болон АНУ-ын албаныхныг хөнөөхөөр завдсан, зенитийн пуужин илгээсэн, террорист байгууллагад дэмжлэг үзүүлсэн зэрэг хэргээр 25 жилийн хорих ял сонссон юм. Тэрээр өөрийгөө олон улсын тээврийн хууль ёсны бизнес эрхэлдэг бизнес эрхлэгч гэх бөгөөд өөрт нь Өмнөд Америкийн босогчдыг зэвсгээр хангах гэж оролдсон гэх хэрэг тохсон гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: ВВС