Нүүрсний хулгайн хэргээр нэр бүхий найман хүнийг баривчилжээ

Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өнгөрсөн шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж найман хүнийг баривчлан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.



Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж,  "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан байна. 

Ташрамд: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ Хөгжлийн банкны хэргийн дараагаар нүүрсний асуудлыг хөндөж, улсаа хохироосон хүмүүсийн хэргийг гаргаж тавина гэж байсан. Түүнчлэн төв талбайд өрнөсөн иргэдийн жагсаалыг ЭТТ ХК-ийн удирдлагуудаас зориуд турхирсан гэж Ерөнхий сайд мэдэгдээд байгаа. 

Тэгвэл урьдчилсан байдлаар тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэн гүйцэтгэсэн нь  тогтоогдоод байгаа аж. Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн байна.