Энэ оны эхээр бүртгэгдсэн вирусийн гаралтай халдварт сармагчны цэцэг өвчин буюу monkeypox-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинээр нэрлэж, mpox болгожээ.
Учир нь monkeypox буюу сармагчны цэцэг өвчин гэж нэрлэх нь арьс өнгөөр ялгаварлах болон гутаан доромжлох өнгө аяс агуулагдаж байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан байна. ДЭМБ-аас mpox гэх нэршлийг англи болон бусад хэл дээр ашиглах боломжтой юм байна. Шинэ нэршлийг энэ жилдээ хуучин нэртэй нь хамт хэрэглээд ирэх жилээс бүрэн шинэчлэх гэнэ.
Сармагчны цэцэг өвчний вирус 1970 онд анх хүнээс илэрсэн бөгөөд түүнээс 10 жилийн өмнө эрдэмтэд сармагчнаас уг өвчнийг илрүүлж байжээ. Өдгөө mpox Төв болон Баруун Африкийн орнууд төдийгүй дэлхийн 29 оронд бүртгэгдээд байгаа юм.
Ковид-19-ийн цар тахлын үед вирусний шинэ хувилбарууд үүсэх тутамд улс орон, үндэстэн ястнаар ялгаварлан гадуурхахгүйн тулд ДЭМБ грек үсэг хэрэглэн дельта, омикрон зэргээр нэрлэхээр шийдсэн юм.
Эх сурвалж: ВВС