БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулган болж байна


БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулганыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгуулж байна.
Энэ удаагийн чуулганаар БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, эмчилгээ, тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэх, олон улсын донор байгууллагуудын санхүүжилтээс Засгийн газрын санхүүжилтэд шилжих, Эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжих “Шилжилтийн үеийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах”-д тулгамдаж буй асуудал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тоймлон, зөвлөмж гаргахаар чуулж байна.



Чуулганд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд болон УИХ-ын Нийгмийн Бодлогын Байнгын Хороо, БСШУЯ, ХЗДХЯ болон бусад холбогдох төрийн байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын донор  байгууллагууд, ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сан, нийслэл, дүүрэг, хөдөө орон нутгийн засаг захиргааны, төрийн,  болон иргэний нийгмийн  байгууллагуудын төлөөлөл болсон 200 хүн оролцож байна.

Чуулганы онцлог давуу тал нь БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнгөрсөн хугацааны ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг орон нутагт олон салбарын оролцоог ханган, төр,  төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, ажил олгогчид хамтран хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон Үндэсний хэмжээний урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүн шийдвэрийг нэгтгэн нэгдсэн зөвлөмжийг боловсруулан, хэлэлцэж байгаа явдал юм.  



Дэлхий дахинд ХДХВ/ДОХ шалтгаанаар болон шалтгаант хамаарал бүхий өвчнөөр анх ДХВ/ДОХ бүртгэгдсэнээс хойш 40,1 сая, 2021 онд 650,000 иргэн нас бараад байна. Манай улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 344 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа бөгөөд ХДХВ/ДОХ-той 58 иргэн нас баржээ.









Эх суравалж: ЭМЯ