Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганд оролцлоо.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд аа,
Наран ургахаас наран жаргах хүртэлх олон газар оронд оршин суугаа элэг нэгтэн монгол ахан дүүс ээ,
Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд аа,
Монгол төрийн эрхэм түшээд ээ, эрхэм нөхөд өө,
Эрхэм хүндэт зочид оо, Хүн төрөлхтний түүхэн дэх аугаа удирдагч, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, мянганы суут хүмүүн, монгол түмний өнө мөнхийн бахархал, Их эзэн Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монголчууд бид их хувь заяатай ард түмэн. Мөнх хөх тэнгэр монголчууд бидэнд агуу их суу билигт хаадын хаан Их эзэн Чингис хааныг заяасан билээ.
Одоогоос найман зууны тэртээ эзэн Чингис хаан эцэг өвгөдийн шүтээн Бурхан Халдун хайрхны өвөрт, мөнхийн рашаан уст гурван голын сав газарт, талын монгол язгууртан Есүхэй баатар, ухаант сэцэн хатан Өөлүн эхийн ууган хөвгүүн Тэмүүжин болон мэндэлжээ.
Тэмүүжин эв эе эвдрэлцэн тарж бутарсан монгол овог аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулж, Хүннү гүрнээс улбаатай төрт ёсны алтан аргамжийг бататган бэхжүүлж, Монгол төрийн гал голомтыг сэргээн бадрааж, ертөнц дахинд дуурьсагдсан Их эзэн Чингис хаан болон өргөмжлөгдсөн билээ.
Чингис хаан бол монгол үндэстний тусгаар тогтнол, оршин тогтнохуйн баталгаа, манай ард түмний үнэт зүйл, оюун санааны эх ундарга болсон өнө мөнхийн Их эзэн хаан мөн.
Их эзэн Чингис хаан бол өвөг дээдсийнхээ байгуулсан төрт ёсны түүхийг уламжлан, төр улс, түмэн олноо засах билиг ухааныг өвлөн, зон олныхоо сэтгэлийг хурааж, итгэлийг тэтгэж, өнгөрснөө санаж, одоогоо мэдэж, ирээдүйгээ таньдаг, ертөнцийн түүхийг бүтээхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа хүмүүн билээ.
Их хааны эвийн хүчийг зангидаж Хамаг Монголыг нэгтгэн, хууль цаазыг тогтоож, Тэмүүжин хөвүүнээс тэнгэрлэг хаан болох хүртэлх хагас жарны түүх, их үйл хэрэг тийм ч амар хялбар байгаагүй.
Чингис хаан ураг төрөл, угсаа нэгтнүүддээ гээгдэж, балчир наснаасаа өнчрөл хагацал үзэн хат сууж, бэрхийг бэрх хэмээн няцалгүй, хүндийг хүнд хэмээн сөхрөлгүй, бэрхшээл зовлонг гэтлэн давж, эр зориг, эрдэм билиг, суу заль, сэтгэлийн хүчээрээ нүүдэлчин овог аймгуудыг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулсан түүхтэй билээ.
Ийнхүү Их Монгол Улсаа байгуулсан нь мөнх тэнгэрийн хүчин дор олон улс үндэстэн эв найрсалтайгаар зэрэгцэн орших урьд хожид дэлхийн түүхэнд тохиож байгаагүй аугаа их үйл хэргийг эхлүүлсэн юм.
Түүний цогцлоон байгуулсан Их Монгол Улс дэлхийн түүхийн хоёр зууныг “Монголчуудын зуун” болгон хүн төрөлхтний түүхэнд үлдээж чадсан юм.
Их Монгол Улс эв нэгдлээ бэхжүүлэн, төр улсаа мандуулж, хууль цаазын дор түмэн олныг төвшитгөн захирч, Ази, Европ дахь дайн тулаан, зөрчил мөргөлдөөнийг зогсоож, ертөнц дахинд амар амгаланг тогтоон, сүр хүчээрээ дэлхий дахинд гайхагдсан эзэнт гүрэн болон өргөжин тэлсэн билээ.
Монголын эзэнт гүрний газар нутгийг зүүн зүгт Номхон далайгаас эхлэн баруун зүгт Персийн булан, Дунай мөрөн хүртэлх 23 сая хавтгай дөрвөлжин километр газар нутаг буюу дэлхийн түүхэнд байгаагүй хуурай газрын хамгийн өргөн уудам нутаг дэвсгэртэй байсныг Британника нэвтэрхий тольд тэмдэглэсэн байдаг.
Энэ том газар нутагт оршин байсан өөр өөр хэл, соёл, шашин шүтлэгтэй олон сая ард түмнийг цөөхөн хүн амтай, нүүдлийн соёл иргэншилтэй Чингисийн монголчууд хэрхэн хоёр зууны туршид нэгтгэн зангидаж, засаглаж чадсаныг өнөөдөр ч дэлхий дахин сонирхон судалсаар байна.
Далай их хааны суу билиг, үүх түүх, үзэл санаа, үйл хэргээс хүн төрөлхтөн, дэлхийн улс орнуудын удирдагч нар судлан суралцаж ирсэн нь монголчууд бидний өнө мөнхийн бахархал билээ.
Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру Чингис хааныг дэлхийн “Түүхэн дэх Македоны Александр, Юлий Цезарь нартай эгнэшгүй цэргийн сод ухаантан, удирдагч эргэлзээгүй мөн байсан” гээд “цэргийн давуу хүчтэй байлаа ч дайтахыг бус, найрамдахыг эрхэмлэдэг нэгэн байсан” хэмээн үнэлсэн байдаг.
Үнэхээр түүний байгуулсан эзэнт гүрэн цэргийн эрдэм, дайтах урлаг, сүр хүчээр хосгүй байсан хэдий ч хууль цааз, эе эв, энх амгаланг эрхэмлэн олон улс түмнийг засагласан гайхамшигт түүхтэй билээ.
Чингис хаан болон түүний залгамжлагчид өнөөдөр ч хүн төрөлхтний өмнө тулгарч буй улс төр, эдийн засаг, шашин шүтлэг, иргэншил хоорондын дайн дажин, зөрчил мөргөлдөөнийг найман зууны тэртээ даван туулж, “Монголын их амар амгалан”-г цогцлоож байсныг үнэлэн “Вашингтон Пост” сонин 1995 онд Чингис хааныг дэлхийн “Мянганы суут хүн”-ээр нэрлэж байсан юм.
“Монголын их амар амгалан” тогтсоноор Евроазийн ард түмэн бүтээн туурвих, барьж байгуулах, судлан шинжлэх үйл хэрэгт илүү анхаарах боломж бүрдэн тооны ухаан, анагаах ухаан, гүн ухаан, одон орон, түүх, газар зүй, утга зохиол, дуу хөгжим, дүрслэх урлаг, уран барилга зэрэг шинжлэх ухаан, соёл урлаг, танин мэдэхүйн олон салбар хөгжихийн зэрэгцээ хуурай газрын болон усан замын газрын зургууд хийгдэж, цэрэг дайны болон мал аж ахуй, газар тариалангийн шинэ дэвшилтэт арга технологи бий болсон түүхтэй.
Мөн өргөн уудам газар нутгийг өртөө улаагаар холбосноор тухайн үеийн зам тээвэр, харилцаа холбоо эрс эрчимжин хөгжсөн.
Чингис хаан болон түүнийг залгамжилсан монгол хаад Торгоны замыг хөгжүүлэн, аюулгүй байдлыг хангаснаар Солонгосын хойгоос Газрын дундад тэнгис хүртэлх өргөн уудам газар нутагт худалдаа арилжаа өргөжин хөгжиж, цаасан мөнгө гүйлгээнд нэвтэрч, дэлхийн эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан байдаг.
Их Монгол Улс тухайн цаг үед дэлхийн улс төр, эдийн засгийн төв байсан хэмээн судлаачид үздэг. Үүнийг гэрчлэх бас нэгэн түүх соёлын өв бол Хархорум хот юм. 1220 онд Чингис хаан Хархорум хотыг байгуулах, Их Монгол Улсын нийслэлийг шилжүүлэх зарлиг буулгажээ.
Хархорум хотод олон газрын эрдэмтэн мэргэд, уран бүтээлчид, гар урчууд, худалдаачид, орон орны хаад язгууртнуудын элч төлөөлөгчид аж төрж, морилон саатдаг олон шашин, соёл иргэншлийн төв байсан юм.
Монголын эзэнт гүрний ивээл дор ардчилсан үзэл санаа, үнэт зүйл цэцэглэн хөгжиж байлаа.
Евроазийн улс орнууд газар нутаг, улс төр, эдийн засаг, нийгмийн байгууламжийн хувьд Монгол төрийн засаглал дор нэгдсэнээр улс орон, бүс нутгийг зааглаж байсан соёл иргэншил, үзэл суртлын хана хэрэм нуран унаж, олон ард түмэн харилцан хүндэтгэлтэйгээр зэрэгцэн орших боломжтойг хүн төрөлхтөнд анхлан мэдрүүлсэн юм.
Тухайн үед Их Монгол Улс хэмжээгүй эрхт хаант засагтай байсан хэдий ч ардчилсан ёсны зарчмыг хэрэгжүүлж байлаа.
Үүний нэгэн тод жишээ бол нийслэл Хархорум хотод Бурханы, Загалмайтны, Исламын зэрэг янз бүрийн шашны 12 сүм хийд зэрэгцэн оршиж үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж, олон шашны элч төлөөлөгчид хуран чуулж, мэтгэлцэж байсан нь дэлхийн түүхэнд гарсан анхны тохиолдол байжээ.
Энэ бол тухайн цаг үеийн олон ард түмний ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил, шашин шүтлэгийн олон янз байдлыг хориглон цаазалж, үнэт зүйлд нь халдалгүй хүндэтгэлтэй хандаж байсан явдал бөгөөд хүн төрөлхтний түүхэнд гайхагдан үлдэж, өнөө цагийн соёлт ертөнцийн тулгуур зарчмуудын нэг болон өвлөгдөн үлджээ.
Миний Монголын ард иргэд ээ,
Далай их хаан Евроазийн эзэнт гүрнийг үндэслэн байгуулсан дэлхийн хүн байсан тул XIII зуунаас эхлэн олон улс оронд түүний намтар түүхийг олон хэлээр бичиж хэвлэсэн байдаг.
Тиймээс Чингис хааны түүх бол дан ганц монголчуудын түүх биш дэлхийн нийтийн түүх гэдгийг олон орны удирдагчид, нэртэй эрдэмтэн судлаачид, шашны тэргүүнүүд хүлээн зөвшөөрдөг.
2004 онд Америкийн нэрт эрдэмтэн Жак Уэтерфордын бичсэн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх алдарт бүтээлд “Чингис хаан бол орчин цагийн дэлхий ертөнцийн үзэл санаа, үндэс суурийг тавьсан их хаан“ хэмээн онцолжээ.
Энэхүү алдарт бүтээл дэлхий нийтийн анхаарлыг татаж, эзэн Чингис хааны аугаа түүхийг хүн төрөлхтөнд дахин таниулсан бөгөөд “Нью Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарсан билээ.
Мөн Жак Уэтерфорд бичихдээ “Чингис хааны мөрдүүлж байсан хуулийг XIII зууны үед Монголд очиж байсан П.Карпини, В.Рубрук нар шагшин өгүүлж байсан бөгөөд монголчууд эзэн Чингис хааны тогтоосон хууль дүрмийг хэрхэн хүндэлж дагаж мөрддөг байсныг тэд олонтоо бичиж байжээ” хэмээсэн байна.
XIV зууны үеийн Английн зохиолч Ж.Чаусер “Чингис хааныг хууль шүүхийн “Агуу хаан” хэмээн нэрлэж байв. Түүний бичсэнээр Чингис хаан тангараг өргөсөн хуулиндаа өөрөө үнэнч удирдагч байсан. Тэр цаг үеийн хэмжээгүй эрхт хаад өөрийгөө хуулиас дээгүүр тавьдаг байсан бол Чингис хаан энгийн иргэдтэй адил хуульд захирагддаг байсан нь маш онцлог байв” гэж бичиж үлдээсэн байдаг.
Мөн Францын эрдэмтэн, Дорно дахины агуу судлаач, Поль Пеллио Чингис хааны байлдан дагуулалтын үеийг “Дэлхий ертөнцөд урьд өмнө тохиолдож байгаагүй хамгийн аугаа гайхамшигт үйл явдал” хэмээн дүгнэсэн байна.
Түүнчлэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч, Энх тайвны Нобелийн шагналт Ким Дэ Жүн “Чингис хааны байгуулсан гавьяа дараах түүхэн ач холбогдолтой юм” гээд “Нэгдүгээрт, өрнө дорныг холбосон хуурай болон далайн замыг бий болгосон. Хоёрдугаарт, Христосын болон Исламын шашин дорно зүгт дэлгэрэхэд чухал нөлөө үзүүлсэн. Гуравдугаарт, газар зүй, одон орон судлал, тооны ухаан, газрын зургийн технологийг өрнөдөд дэлгэрүүлсэн. Дөрөвдүгээрт, өрнө дорнын соёлын болон эдийн засгийн харилцааг эрчимжүүлснээр дэлхийн ирээдүйн хөгжлийн үйл явцыг өөрчилсөн юм” хэмээн үнэлэн дүгнэсэн байна.
Тэгвэл XIV Далай лам хэлэхдээ “1206 онд Монголын тархай бутархай овог аймгууд нэгдэн, Чингис хааныг их хаанд өргөмжилж, агуу их Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ. Тэрээр өөрийн бие болоод сэтгэлийн хичээл зүтгэлээр их амжилтыг олсон юм.
Өнөөдөр түүний үлдээсэн гавьяа, бахархал нь Монголын тусгаар тогтнол, эв нэгдэл, эрх чөлөө юм.
Түүний агуу их хичээл зүтгэлийг үлгэр дуурайлал болгон хөгжүүлж, зөвхөн эд баялгийн дэвшил бус хүний дотоод үнэт зүйлийг хөгжүүлэхийн төлөө ажиллахыг та бүхэнд уриалж байна” гэжээ.
Ромын Пап XVI Бенидикт 2006 онд бичихдээ “Чингис хаан Монголын ард түмний улс төр, нийгэм соёлын онцлогийг дэлхий дахинаа таниулахад өөрийн хувь хүний чанараар гайхамшигтай хувь нэмэр оруулсан юм.
1206 оноос өнөөг хүртэлх хугацаанд хүн төрөлхтний хөгжилд багагүй өөрчлөлт гарсан хэдий ч Их Монгол Улс болон түүний бусад соёл иргэншилтэй харилцах харилцаанд Чингис хааны оруулсан хувь нэмэр үлэмж хэвээр үлдсэн нь гарцаагүй юм.
Энэхүү чухал ололт амжилтыг зөвхөн судлаад зогсохгүй өөрсдийн зүй ёсны үндэсний бахархлыг бусад ард түмний соёл иргэншилтэй харилцах харилцаанд, эв зүйтэй хослуулж үлгэр дуурайл болгох нь чухал билээ” хэмээн тэмдэглэсэн байна.
Мөн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ “Чингис хаан эхийг нь тавьсан Монголын төрт улс дэлхийн түүхийн өрнөлд ихээр нөлөөлсөн” гэсэн бол Япон Улсын Ерөнхий сайд Жуничиро Койзуми “Евроазийн газар нутгийг эзлэн захирч байсан Монголын эзэнт гүрний үед анх “дэлхий” хэмээх ерөнхий ойлголт бий болсноор дэлхийн түүх үүссэн” гэж үздэг Японы эрдэмтэн Окада Хидэхирогийн дүгнэлтийг эшлэн дурдаад “Мөн авьяас чадалтай, эрдэмтэй гадаадын иргэдийг өндөр албан тушаалд тохоон томилох, нэгдсэн мөнгөн тэмдэгттэй болох, шашин шүтэх эрх чөлөө зэрэг Чингис хааны явуулсан бодлогыг авч үзвэл, Монголын эзэнт гүрэн даяаршлын анхдагч байжээ.
Хүн төрөлхтний түүхээс авч үзсэн гэсэн нэгэн агуу түүхийн шинэ эрин үеийг эхлүүлсэн Чингис хааны бодит байдал нь тэр үеийн тухай улам ихийг мэдүүлэх болно” хэмээн дүгнэжээ.
Тэгвэл эртний түүхт Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Хосни Мубарак хэлэхдээ “Энэхүү агуу их удирдагчийн түүхэн үүрэг нь монгол овог аймгуудыг нэгтгэж, Монгол Улсыг байгуулаад зогсоогүй, хүн төрөлхтний түүхийн дунд үед дэлхий газрын зургийг шинээр зурахад гүнзгий нөлөө үзүүлсэн юм.
Үүгээр ч үл барам Чингис хаан улс төрийн агуу сэтгэгч, цэргийн гарамгай сод ухаантан, удирдан зохион байгуулах өндөр чадвартай хүн байсан нь түүний эрх барих хугацаандаа бий болгосон иргэний болон цэргийн хөгжингүй тогтолцоо, өөрөөс нь хойш олон жил мөрдөгдсөн хууль ёс, дэг журам харуулж ирснийг түүхчид нэгэн дуугаар зөвшөөрдөг билээ” гээд “Чингис хаан хэдхэн жилийн дотор хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу гүрнүүдийн нэг болох Монголын эзэн гүрнийг байгуулж чадсан юм.
Түүний нэр алдар даян дэлхийд түгж, түүхчид II Рамсес, III Тутмоз, агуу Александр болон Цезарь нарын хамт дэлхийн их удирдагчдын жагсаалтад нэрийг нь оруулсан юм. Түүний эзэнт гүрний хил хязгаар нь Номхон далайгаас Хар тэнгис, Сибирээс Зүүн өмнөд Азийн хойд хил хүртэл үргэлжилж байсан билээ.
Египет болон энэ бүс нутагт Чингис хаан болон түүний залгамжлагчдыг гайхамшигт удирдагч гэсэн ойлголт давамгайлдаг хэдий ч Ислам улс үндэстний зарим хэсэгт түүнийг Хаваризмын төрийг түлхэн унагаж, Хорезм, Самарканд, Бухарыг булааж, мөн Хорасан, Афганистан, Иран, Ирак болон Эл Машрекийг эзэлж байснаар нь түүнийг булаан эзлэгч гэж дурсдаг” хэмээгээд эл бүгдийг үл харгалзан ийм удирдагчийг өнөө үеийн шалгуураар бус харин тухайн үед нь мөрдөгдөж байсан голлох шалгуураар нь хэмжих нь зүйтэй юм.
Өөрийнх нь цаг үеийн шалгуураар бол Чингис хаан агуу их байлдан дагуулагч удирдагч хэмээн алдаршсан байсан юм.
Тэр улс үндэстнээ нэгтгэж тархаа бутархай байсан цөөхөн хэдэн овог аймгийг хүчирхэг улс болгон өөрчилж, улмаар өргөн уудам газар нутагтай их гүрэн болгон тэлсэн юм.
Энэхүү эзэнт гүрний газар нутгийг өргөтгөн тэлэх үйл хэргийг түүнийг тэнгэрт хальсан хойно ч үе залгамжлагчид нь үргэлжлүүлж, тэдний цэргийн хүч нь Дунай мөрнийг гатлан өнөөгийн Германы хилд тулж ирж байсан түүхтэй” хэмээн дүгнэсэн байдаг.
Тэгвэл Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Рэжэп Эрдагон бичихдээ “1206 онд байгуулагдсан Их Монгол Улс нь дэлхийн түүхэнд гарсан хамгийн том үргэлжилсэн хуурай газрын эзэнт гүрэн байлаа.
Энэ нь хүн төрөлхтний түүхийн хөгжлийн явцад нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй байсан юм. Чингис хаан түүхэнд хамгийн том эзэнт гүрэн байгуулсан удирдагч байсан төдийгүй агуу төр улсыг захирч чадсан цэргийн том жанжин гэж бичигддэг юм.
1206 онд Чингис хаан агуу эзэнт гүрнийг үүсгэн байгуулж, тусгаар тогтнолын нэр хүндийг олж авсан бөгөөд тэрээр 1227 онд насан өөд болох үед Монголын эзэнт гүрэн Хар далайгаас Номхон далай хүртэлх газар нутгийг эзэмшиж байв.
Нөхөр ч бай, дайсан ч бай олон ард түмний түүхэнд өөрийн байлдан дагууллаар дурсагдан үлдсэн аугаа их Чингис хааны зорьсондоо хүрэх чадвар, цэргийн их эрдэм нь Монголын их эзэнт гүрэнд их зүйлийг өгчээ.
Өнөөгийн 1.5 сая хавтгай дөрвөлжин километр өргөн уудам нутаг дэвсгэртэй, эрч хүчтэй, залуу хүн амтай Монгол Улс орчин үеийн дэлхий ертөнцийн идэвхтэй улс орны нэг болон хөгжин цэцэглэж байна. Монгол Улс дэлхийн түүхэнд өөрийн өвөрмөц байр суурь болон соёлын өвөө хадгалан үлдэж чадсан юм” хэмээн дүгнэжээ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон “1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг нэгтгэн зангидсан үеэс хойш монголчууд тусгаар тогтнол, эрх чөлөөг гүнээ эрхэмлэн дээдэлж ирсэн” хэмээн цохон тэмдэглэжээ.
Тэгвэл Франц Улсын Ерөнхийлөгч Жак Ширак Чингис хаан, түүний үйл хэргийг тодорхойлохдоо “Дэлхийг донсолгож байсан энэхүү их байлдан дагуулагч ямар их өндөр соёлтой, ирээдүйг урьдчилан харагч, өөрийн нийгэм цаг үеийг тодорхойлогч байсныг тэр бүр бүрэн дүүрэн судалж, мэдэж амжаагүй байна.
Чингис хаан овог аймгийн тогтолцоог задлан халж, үндэсний эв нэгдлийг үүсгэн бий болгож, Монгол үндэстний үеийн үед мөнхөд орших эх үндсийг тавьж өгсөн юм.
Тэрээр энх тайвныг тогтоож, эртний торгоны замын аюулгүй байдлыг хангаж, худалдаа наймаа, оюуны болон урлаг соёлын солилцоог хөгжүүлэх бололцоог олгосон юм.
Түүхчдийн хүлээн зөвшөөрснөөр Чингис хааны үлдээсэн нэгэн чухал өв болох “Монголын их амар амгалан (Pax Mongolica)” нь Европ, Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг бүрдүүлсэн юм.
Чингис хаан өнөө үед домогт баатар болж, түүний сүр хүч, дурсамж үеийн үед айх, бишрэхийг хослуулан мөнхөрсөөр байна” хэмээн үнэлэн дүгнэжээ.
2005 онд Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойг тохиолдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн олон улсад тэмдэглэн өнгөрөөхийг гишүүн орнууддаа уриалсан тогтоол гаргасан.
Энэ тогтоолд “Их Монгол Улс Ази, Европын олон нийгэмд өөрийн улбааг үлдээхийн зэрэгцээ өрнө, дорнын соёл уламжлалыг өөртөө шингээн, хүмүүний үнэт зүйлсийн солбицол, дэлхийн иргэншлүүдийг холбосон гүүр болж, худалдаа арилжааны өргөн сүлжээг хөгжүүлэх, засаг захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвүүдийг бий болгож, бүх хэлбэрийн соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээ, харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, монголчуудын соёл иргэншилд уламжлагдан ирсэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ёсны ач холбогдол өнөөгийн дэлхий ертөнцөд улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолж байна” хэмээн цохон тэмдэглэсэн билээ.
Энэ бүхнээс үзвэл “Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаад дэлхий нийтэд эв эеийг эрхэмлэн, хууль цаазын дор амар амгаланг цогцлоож, шашин шүтлэг, тэгш байдлыг тэтгэсэн ардчилсан үзэл санааг дэлгэрүүлж, худалдаа арилжаа, харилцаа холбоо, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарыг хөгжүүлж, элч солилцох ёс, дипломат албаны ойлголтыг анх бий болгон, өнөөгийн дэлхий ертөнцийн үнэт зүйл, үзэл санаа, даяаршлын үндэс суурийг тавьсан” хэмээн дэлхий нийтээрээ үнэлэн дүгнэж байгаа нь дээрх алдартай хүмүүсийн хэлсэн үг, хийсэн судалгаа, бичсэн ном зохиолоос тод харагдаж байна.
Их Эзэн Чингис хаан эцэг өвгөдийнхөө үүх түүх, өв сургаалыг зүрх сэтгэлдээ хадгалж, үйл хэрэгтээ мөрдлөг болгон төр улсаа удирдсан бөгөөд ард түмэндээ билиг сургаалаа сурган айлдаж, үр хойчдоо өвлүүлэн үлдээсэн, алсын хараатай, холч ухаантай, хаан эцэг байсан.
XVIII зууны английн нэрт зохиолч, орчуулагч Пенелопе Оубин Чингис хааны тухай номыг орчуулж Уэлсийн хунтайжид өргөн барихдаа түүний талаар “Ариун явдалт, чигч шударга, төлөв төвшин тэрхүү хаан болбоос бас гайхамшигт хань, сайн эцэг, үнэнч анд, ээлт эзэн, ухаалаг жанжин байсан ажгуу” хэмээн айлтгаж байжээ.
Тэр бээр ард иргэдээ үр хүүхдүүдээсээ өөрцгүй үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүү мэт хүндэлж, өтгөс нялхас, өнчин ядуусыг өргөж тэтгэн, өглөг соёрхлоо үл хождуулан, энэрэл хишгээ түгээдэг ард олон, аху төр, эх хүнийг бүхнээс илүүд үздэг, ёс төр, шударга үнэнийг эрхэмлэн дээдэлдэг их хүмүүн, эзэн хаан байсан.
Харин “Өглөө хэлснээ үдэш нь, үдэш хэлснээ өглөө нь няцаагч туйлбаргүй зантан, бусдыг бүү хэл өөрийгөө захирч эс чадах ичгүүргүй явдалтан, эд хөрөнгө, эрх мэдэлд ташаарагч шунаг зальхай, харгис, ёс журамгүй хэнд боловч төрийн хэргийг бүү даатга” хэмээн эзэн Чингис хаан сурган захисан байдаг.
Энэхүү сургаал эдүгээ ч төрийн албаны үндсэн зарчим, үйл хэрэг болсоор байх учиртай.
Их эзэн хаанаараа овоглосон эрхэм хүндэт ард иргэд ээ!
Түүхийн ороо бусгаа аль ч цаг үед Монголын төлөө цохилох зүрхийг нэгтгэж чадах монгол бахархлыг Их хаан өөрийн сүр хүч, суу алдраараа монголчууд бидэнд бүтээж өгсөн.
Хаан эзний Монголын түүхэнд байгуулсан бахдам гавьяа, бахархам үйлсийг юугаар ч үнэлж баршгүй, юутай ч зүйрлэх аргагүй бөгөөд үеийн үед Монголын ард түмний оюун санааны дархлааг бэхжүүлэн, монгол үндэстнийг нэгтгэн зангидаж байдаг үнэт зүйл билээ.
Монголчууд бид эзэн Чингис хааныхаа төрсөн нутаг, дэлхийн монголчуудын гал голомтыг сахин суугаа хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ ямагт ухамсарлан, эзэн хааныхаа их өвийг хайрлан хамгаалж, сурвалжлан судалж, түгээн дэлгэрүүлэхэд хэн бүхнээс илүү сэтгэл зүрх, хичээл зүтгэл гаргах ёстой гэдгээ үеийн үед санаж, үйл хэргээрээ харуулж, үр хойчдоо захиж үлдээх учиртай.
Тиймээс Монгол төрийн тэргүүн зарлиг буулгаж, тонгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр, айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залж, суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлоо үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсан билээ.
Чингис хаан нэгэн хүмүүний амьдралд хийж үл барам, мянга мянган удирдагчдын хийж бүтээснээс илүү их түүхийг бүтээж, эгнэшгүй суу алдраа дэлхий ертөнцөд дуурьсгаж, судлан шинжилж үл дуусах арвин их өвийг хүн төрөлхтөнд үлдээсэн юм.
Их эзэн Чингис Хааны суу алдар, үйл хэргийг дотоод, гадаадад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, сурвалжлан судлах чиглэлээр төр, засаг болон манай үе, үеийн төрийн тэргүүн, эрдэмтэн мэргэд, ард иргэд, холбогдох байгууллагууд хүчин чармайлт гарган бодит ажлуудыг хийж бүтээж ирснийг түүхэн баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ жил монголчууд бид Их хааныхаа мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хаан, түүний өвөг дээдэс болоод залгамжлагчдын түүхийг харуулсан “Чингис хаан” хаад язгууртны музейг цар тахлын хүнд бэрх цаг үед барьж байгуулан ашиглалтад оруулж чадлаа.
Мөн энэ жил “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, Чингис хаан судлалын олон улсын холбоог байгууллаа.
Энэ холбоо, Чингис хаан музей нь Их хааны хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмэр, түүний төрт ёс, түүх соёлын өвийг шинжлэх ухаанчаар судлах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, Чингис хаан судлалын хамрах цар хүрээг өргөтгөх, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно.
Монгол Улс Чингис хаан судлалаар дэлхийд манлайлж байх учиртай.
Их хааныг хөрстөд мэндэлсэн цагаас хойших бүхий л үйл хэргийг нь дэлхийн агуу хүмүүс, алдар суутнууд, билиг оюунтнууд, бичгийн мэргэд танин мэдэж, сурвалжлан судлах гэж хэдэн зууныг туулжээ.
Тиймээс Чингис хаан болон Монголын эзэнт гүрэн судлалаар олон улсын түвшинд ажиллах, нарийн мэргэжлийн судлаач эрдэмтдийг төрийн бодлогоор бэлтгэн сургах явдал чухал байна.
Чингис хаан судлал хөгжихийн хэрээр олон орны эрдэмтэн мэргэд Их хааны хүн төрөлхтний хөгжил дэвшил, дэлхийн түүхэнд оруулсан үлэмж их гавьяа зүтгэлийг танин мэдэж, үнэлэн цэгнэж, хүлээн зөвшөөрч, Эзэн хаан болон монголчуудын талаарх үнэн бодит түүх дэлхий нийтэд түгэн дэлгэрэх болно.
Бид хүчирхэг хөгжингүй улс орон байгуулахыг хэдий чинээ эрмэлзэнэ, төдий чинээ эе эвээ хичээж, эх түүх, эцэг өвгөдийнхөө мэдлэг ухаан, билиг сургаалаас суралцаж, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бэхжүүлэх учиртай.
Та бидний тусгаар тогтносон улс гэр, эрх чөлөө, өргөн уудам газар нутаг, хүн ард, бахархалт түүх соёл бол Их хааны алдар гавьяатай салшгүй холбоотой гэдгийг үеийн үед санаж, Эзэн хааныхаа билиг сургаалыг дагаж мөрдөх ёстой.
Чингис хаан “Өндөр уулыг зорь, Өргөн далайд гар, Хол хэмээн бүү цөхөр, явбаас хүрнэ, Их хэмээн бүү шантар, оролдвоос гатална, Хүнд хэмээн бүү зүрхшээ, өргөвөөс даана” гэсэн билиг сургаалаа чанд баримтлан агуу түүхийг бүтээж, Их Монгол Улсаа байгуулан, дэлхийн нийтийг төвшитгөсөн билээ.
Монголчууд бид энэхүү билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, чандлан мөрдөж, төр улс, түмэн олноороо улс монголынхоо төлөө хичээн зүтгэж, хувь заяандаа эзэн болох аваас их үйлсийг бүтээж, хүчирхэг Монгол Улсыг цогцлоон хөгжүүлж чадна.
Монгол хүн бүр Чингис хаанаа хүндэтгэн дээдэлж, бишрэн шүтэж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ зүрхний толт, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, эцэг өвгөдийнхөө байгуулсан Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг түүхэн энэ өдөр эрхэм хүндэт ард иргэддээ уриалж байна.
Дэлхийн мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, хаадын хаан Их эзэн Чингис хааныхаа мэндэлсний түүхт ойн баярын мэндийг Их хааны үр сад болсон Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс дэлхий нийтэд өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Их эзэн хааны сүр хүч, суу алдар монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай.