"Катар 2022" хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний F хэсгийн хоёр дахь тоглолт өнөөдөр болоход талбайн дөрөв дэх шүүгчээр эмэгтэй хүн ажиллалаа.
Энэ удаагийн ДАШТ нь эмэгтэй шүүгч ажиллах анхны тэмцээн гэдгээрээ онцлог бөгөөд нийт зургаан эмэгтэй шүүгч талбайд ажиллахаар ирсэн. Тэгвэл эмэгтэй шүүгчдийн салхийг хагалж Японы Ямашита Ёошими Бельги-Канадын тоглолтын дөрөв дэх шүүгчээр ажиллав.
Өдгөө 36 настай тэрээр олон улсын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тоглолтууд болон Япон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд ахлах шүүгчээр ажилласан туршлагатай. Ямашита 2021 онд Японы эрэгтэйчүүдийн дээд лиг болох "J League"-т ажилласан анхны эмэгтэй шүүгч болсон бөгөөд 2022 оны есдүгээр сараас дээд лигийн ахлах шүүгчээр ажиллаж байна.
Катарт ажиллах зургаан эмэгтэй шүүгчээс Аваргуудын лигийн тоглолтыг шүүсэн анхны эмэгтэй болох Францын Стефани Фраппарт, Руандагийн Салима Мукасанга нар Ямашитагийн ижил талбайн үндсэн шүүгчээр ажиллана. Стефани Фраппарт маргааш Португал - Ганын тоглолтод дөрөв дэх шүүгчээр ажиллах хуваарьтай.
Харин Бразилын Неза Бак, Мексикийн Карен Диаз Медина, Америкийн Кэтрин Нэсбит нар туслах шүүгчээр ажиллах юм.