Нийслэлийн зарим шатахуун түгээх станц АИ-92 худалдахгүй байна

Дизель түлш өнгөрсөн долоо хоногоос тасалдаж эхэлсэн. Ялангуяа Өмнөговь гэх мэт уул уурхайн олон компанитай, дизель түлшний хэрэглээ өндөр аймгуудад дизель түлшний нийлүүлэлт саатаж, үнэ нь өсжээ. Тэгвэл өнөөдрөөс нийслэлийн хэд хэдэн шатахуун түгээх станцуудад дизель түлшний сацуу АИ-92 авто бензин мөн тасарсан байна.

УУХҮЯ-наас энэ талаар тодруулахад “Зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжихийн тулд импортлогчид шатахууны саваа цэвэрлэх гэх мэт бэлтгэл хангах шаардлага үүссэн. Мөн зарим импортын компани орон нутаг руу шатахуун тээвэрлэхдээ даац хэтрүүлсэн зөрчил гаргасан тул хяналтын цэгүүдэд тэдгээр машиныг түр саатуулсан” гэв.  

Улсын онцгой комисс өчигдөр (2022.11.22) хуралдсан. Энэ үеэр мөн дизель түлшний нийлүүлэлт буурсныг хөнджээ. “Багануур” ХК гурав хоногийн, “Шивээ овоо” ХК 11 хоногийн түлшний нөөцтэй байгаа тул УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлж, нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт үүрэг болгосон юм.

Манай улс өнгөрсөн аравдугаар сард нийт 164 335 тонн түлш импортолжээ. Энэ оны дөрөвдүгээр сард хамгийн бага буюу 114 043 тонн, зургадугаар сард хамгийн их буюу 187 104 тонн түлшийг ОХУ-аас худалдан авчээ.