Тува нь СССР-ийн бүрэлдэхүүн орсноосоо хойш өдий хүртэл Оросын хамгийн ядуу районд тооцогдсоор ирлээ. 2017 оны статистикаар хүн амын 40 гаруй хувь нь ядуурлын доод төвшинд хүрчээ. Тус улсад хүүхдийн ядуурал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна. Хүн амын бүтцэд хүүхдийн тоо 35 орчим хувьтай байгаа бөгөөд ажлын байргүйн улмаас ихэнх гэр бүл тэтгэмж халамжаар амьдардаг. Ажилгүйдэл 20%. Орос улсын эдийн засагт Тувагийн эзлэх хувь: Аж үйлдвэрт-0.0%, Хөдөө аж ахуйд 0.2%, Бараа эргэлтэд 0.1%, Хөрөнгө оруулалтаар 0.0%. Оросын холбоон дотроо хөрөнгө оруулалтын эрсдэлээр 81 дүгээр байр, хөрөнгө оруулалтын чадамжаар 81 дүгээр байр, Тувад орон сууцны барилгажилт бараг явагддаггүй, авилга болон гэмт хэрэгийн үзүүлэлт Оросын холбоондоо хамгийн өндрийн нэг. Жалгархах, нутагрхах хамаатан саднаараа бүлэрхэх хандлага маш өндөр үзүүлэлттэй.
ТАГНЫН УРИАНХАЙН ХЯЗГААР БУЮУ ТУВА (II)
(Үргэлжлэл)
УРИАНХАЙН ХЯЗГААРЫГ БҮГД НАЙРАМДАХ ТАННУ-ТУВА АРД УЛС БОЛГОВ
Урианхайн хязгаарын хувьд зөвлөлтүүд хуучин Хаант Оросын бодлогыг улам лавшруулан үргэлжлүүллээ. Ердөө л 30 мянган хүн суудаг 150 мянган ам километр энэхүү үзэсгэлэнт нутгийг эзлэх бэлтгэл болгон Хаант Орос 10-аад мянган орос иргэн суурьшуулчихсан байсан нь цаашдын зам мөрийг нь тод болгов. Нутгийн тувачууд өөрсдийг нь Монголоос салгаж буйг үл ойлгон эргэж нэгдэх шаардлага тавихад ирж суурьшсан оросууд ЗОУ-тай нэгдэх, эсвэл ямар нэг тусгаар тогтнолын тухай ярих болов. Хэдийгээр зөвлөлтүүд Урианхайн хязгаарыг Оросын протекторат гэж зарласан 1914 оны шийдвэрийг цуцалсан авч Хятадын суверенитеттэй боловч Гадаад Монголд хамаагүй газар гэсэн бодлогыг хүчтэй явуулж эхэллээ.
1918 онд Урианхайн хязгаар Колчакийн Засгийн газрын мэдэлд байлаа. Жилийн дараа П.Е.Щетинкиний удирдсан “улаан партизан” гэх цэрэг ирж Урианхайн хязгаарын нийслэл гэгдэх болсон Белоцарскийг эзлэн авчээ. 1921 оны зун Тувагийн хувьсгалчид зөвлөлтүүдийн тусламжаар тусгаар тогтносон Танну-Тувагийн ардын бүгд найрамдах улс гэдгийг зарлан тунхаглаад төрийн далбаа, төрийн сүлдээ батлав. Тувагийн БНУ-ын нийслэл Белоцарскийг 1918 онд Хэм-Бэлдыр гэж нэрлээд, дараа нь 1926 онд Кызыл нэртэй болгожээ (тува хэлээр улаан гэсэн утгатай).
Сибирийн хувьсгалт товчооны дарга Смирновоос* 1920 оны нэгдүгээр сарын 26-нд Москва руу Ленин, Троцкий нарын нэр дээр бичсэн нууц цахилгаандаа:
Монголчууд дайран орж ирээд манай [орос] тариачдыг тосгоноос нь хөөгөөд эхэллээ. Эдгээр тариачид Колчакийнхантай огт хамаагүй, харин ч тэдэнтэй тулалдаж байсан хүмүүс. Соёдууд [тувачууд] бол монголчуудад дарлагдсан нүүдэлчин овгийнхон. Урианхайн хязгаарыг монголчуудын мэдэлд үлдээх үү, эсвэл зэвсэгт хүч хэрэглэж булааж авах уу, бүр эсвэл Башкирын жишээгээр Урианхайн хязгаарт зөвлөлт бүгд найрамдах улс байгуулах уу? Та бүхэн аль нь дээр гэж үзэж байна?
Хэдийгээр Смирновт бичсэн Лениний хариу олдоогүй ч Кремль мэдээж гурав дахь хувилбарыг сонгожээ. Дараа жил нь Хаант Оросын Урианхайн хязгаарт тогтоосон протекторатыг албан ёсоор цуцалж Танну Тувагийн ардын бүгд найрамдах улс гэдгийг тунхаглав.[i]
Улмаар Тува нь Оросын иргэний дайны жилүүдэд улаантан, цагаантнуудын тулааны талбар болжээ. 1921 оны найман сард Тувагийн Сүг-Бажы тосгонд Тувагийн ардын хурлыг хуралдуулсанд бүх хошуу ноёд, ЗХУ-ын төлөөлөгчид, Алс Дорнод дахь Коминтерний Монгол дахь төлөөлөгчид оролцжээ. Хурлаас Тагна Тува улсыг байгуулах тунхаг гаргасандаа “Тагна Тува БНУ нь хэнээс ч үл хамаарах эрх чөлөөт ардын улс болно. Олон улсын харилцаанд тус улс нь Зөвлөлт Оросы улсын ивээл дор оролцоно” гэж заажээ. Тувагийн анхны тэргүүнээр Буянбадрах* гүн сонгогджээ. 1921 оны найман сарын 13-нд хуралдсан бүх хошууны төлөөлөгчдийн их хурлын даргаар сонгогдсон Буянбадрах Зөвлөлт Оростой холбоотой байхаар шийдвэрлэж, Тувагийн ардын хувьсгалт нам, Хувьсгалт залуусын холбоог байгуулжээ.[ii]
Тувачууд болоод XIX зууны дундаас тэнд суурьшсан оросуудын харилцаа эхнээсээ тааруухан байсан. 1870-80-ад онд тэд Оросын суурингууд руу нэг биш удаа халдаж, 1919 онд Оросын арваад суурин руу уулгалан довтолж сүйтгэжээ. Оросод иргэний дайн дэгдсэний дараа Урианхайн хязгаарт Оросын дүрвэгчид олширсонд ч Тувагийн хувьсгалт засаг дургүйхэн хандсан нь мэдээж. 1924 оны хавар, зун тува нар засагтаа дургүйлхэн Хэмчигийн анхны бослогыг дэгдээж, Монголд нэгдэх уриалга гаргажээ. Босогчид орос суурингуудыг тонон дээрэмдсэн. Оросуудын дураараа аашлах хэтэрсэн тул Монголтойгоо бушуухан эргэж нэгдэх хөдөлгөөн ялангуяа нутгийн өмнөд хэсгээр өрнөлөө. Хөдөлгөөнийг Тувагийн Засгийн газрынхан, түүний дотор дарга Шагдар нар толгойлон ихэнх удирдагч нь чимээгүй дэмжиж байлаа. Бослого эхлээд Хэмчиг хошуунд дэгдэж, босогчид хошууны зөвлөлийг эзлэн авсан ба тэдний тоо зургаан зуу гаруй болж ангийн буугаар зэвсэглэсэн байлаа.
Тувачууд дунд оросууд ч гэсэн өөрийн хүнтэй байв. Засгийн газрын орлогч бөгөөд Тувагийн ардын намын Төв Хорооны дарга Данзан-Оолыг Улаанбаатарт суугаа Зөвлөлтийн байнгын төлөөлөгчийн газраас тодорхойлохдоо: 33 настай Данзан-Оол лам гаралтай, төрөлхийн ядуу боловч хамгийн европжсон, орос цамц өмсдөг. Оросын суурьшигсадын эсрэг тувачуудын хийсэн тэмцэлд оролцож, орос иргэдийг тонож байсан боловч одоо ЗОУ-ыг дэмждэг болчихсон. Данзан-Оол ажлын зөвлөлт маягийн аргыг эзэмшсэнээрээ ихээхэн нэр хүнд олсон боловч архи дарсанд хэт шунадгаараа нэр хүндээ баржээ. Тэрээр согтуудаа Магсаржав руу буу сунган агсарч “ Чи чойжин хүн, чамайг сум даахгүй байлгүй!” гэжээ… Монголд элэгтэй өнөөгийн Засгийн газрыг Данзан-Оол одоо түлхэн унагахаар санаархаж буй бололтой…[iii]
Бослого самууныг дарахаар партизан Ядрышниковын удирдсан Улаан цэрэг болон суурьшсан оросуудын отрядыг хамтатган илгээжээ. Хоёр зуун хүнтэй тэр отряд тулалдаанд орж хэд хэдэн хүнээ алуулжээ. Хэмчигийн хошуунынхан Монголтой нэгдэхээр хөдөлгөөн самуун үүсгэсэнтэй холбогдуулж нөгөө талаас монголчууд бас Урианхайн хязгаарт очив. Цэргийн яамны сайд Хатанбаатар Магсаржаваар толгойлуулсан төлөөлөгч илгээсэн нь тэр юм. Ардын Засгийн газраас Хатанбаатарт уулаасаа Монголын нэг хэсэг байсан тувачууд яагаад тусгаарлах гээд байгаа болон хэн өдөөгөөд байгааг учрыг нь олох даалгавар өгчээ.[iv]Тагна Тувагийн Засгийн газраас Хүрээний Засгийн газарт гаргасан бичигтээ Хаант Оросын үеэс оросууд ирж суурьшин дураар аашилж эхэлсэн ба ЗОУ хуучин байдлаар Урианхайн хязгаарыг эзэгнэхгүй гэсэн боловч улам илүү суурьшин 11 984 хүнтэй болсон төдийгүй колонийн газар нь цаашлан өсч дураар аашлах болсныг гомдон учрыг нь олж өгөхийг хүссэн байна.[v]
Гэвч эцэст нь зөвлөлтийнхний шахалтаар “Танну-Тувагийн ард түмэн өөрийн үнэн хүслээ илэрхийлэх ёстой. Тувагийн ард түмэн одоогоор ахуй амьдрал, улс төрийн ухамсраа дээшлүүлэх хэрэгтэй… ЗОУ, Монголын Засгийн газар үүнд найрамдалт зөвлөлгөө өгнө. Хэрэгтэй үед Танну-Тувагийн улс байгуулах эсэхээ хүн ам нь өөрсдөө шийдэх болно…”[vi]гэсэн шийдвэрийг хоёр орны төлөөлөгч “нэгэн дуугаар” гаргажээ. Мэдээж хэрэг дараахан нь “хэрэгтэй үе” нь болж, хүн амынх нь “хүсэлтээр” Танну-Тувагийн БНАУ улс зарлагдав. Энэ нь Монгол удирдагчдын хилэнг бадруулжээ. Данзан “улс болох нь ийм амар байдаг хэрэг үү!” гэж зарга хийгээд дийлсэнгүй. Үүнээс хойш ч БНТТАУ-ын удирдагч Дондог*, Шагдар нар МАХН-ын удирдлагад хандан Нармандах гэгчээр дамжуулан илгээсэн нууц захидалдаа Урианхайн хязгаарыг бушуухан Монголд нь нэгтгэхийг хүсэж байлаа. Бие рүүгээ тэмүүлсэн монголчуудын энэ санаархлыг зөвлөлтүүд нэгмөсөн тас цохих нь зүйтэй гэж үзээд шууд тулган, айлгаж гарлаа. 1925 оны наймдугаар сарын 17-нд гарсан Коминтерний гүйцэтгэх хорооны Дорнод хэлтсийн тогтоолд: Ардын хувьсгалт намын зарим гишүүний дотор Нармай Монголын тухай хандлага байгаа нь … илрэв. Энэ хандлага залуу нам, шинэ тулгар улсад хамгийн аюултай үзэгдэл мөн. Эдгээр хандлага нь БНМАУ-ыг ЗСБНХУ-тай, Хятадын хөдөлмөрч олон түмний чөлөөлөгч хөдөлгөөнтэй мөргөлдөх байдалд хүргэж болох бөгөөд эцсийн бүлэгт МАХН-ын шилдэг сайн эхлэлтийг мөхөөхөд хүргэж болзошгүй…[vii]
Энэхүү “хамгийн аюултай” гээд байгаа “Нармай Монголын үзэл” гэдэг нь ердөө л Урианхайн тухай гомдол л доо! Харин ч Монголын удирдагчид гомдол гаргасны хүчинд Урианхайн хязгаарт хамааруулж байсан 16 мянган ам километр нутагтай Хөвсгөл орчмын Дархадыг зөвлөлтүүдийн гараас арай гэж салгаж дөнгөлөө.[viii]
1926 онд Танну-Тувагийн Үндсэн хууль гэдгийг батлан гаргав. Ийнхүү тэнд зөвлөлт маягийн засаглал тогтов оо. Ядуу Монголын нэг хязгаарыг тусад нь улс болгон зарласан тул хүч чадлын хувьд бусад аймагтай ч дүйцэхгүй хөгийн тоглоом маягтай харагдана. Эл газар тэр үед ажиллаж байсан Доржпалам гэгч Улаанбаатар руу мэдээлснийг үзвэл Тувагийн намын Төв Хороо, Засгийн газар, 5 яаманд сайдаасаа галч зарлага хүртэл нийт 30-40 хүн ажиллах ба цалинг нь тавьж чадахгүй тул оронд нь бараа олгон аргацаах аж. Мөн улсын хамгаалах нийт цэрэг 60 ба үүнээс 10 нь хил хамгаалж бусад нь төвдөө сургууль хийнэ. Нийт 60 хүүхдэд орос, монгол бичиг заадаг гэх авч тусгайлсан сургууль, тэнхим үгүй аж.[ix]
Бослогыг дарсны дараа Тувагийн АХН-аас хууль журмаа чангалж, феодал, шашны тэргүүн, чинээлэг ард, тариачдыг хэлмэгдүүлэв. 1929 онд ТАНХ-ын ТХ-ны анхны ерөнхий нарийн бичгийн дарга, Тувагийн засгийн газрын тэргүүн Буянбадрахыг баривчилж, 1932 онд цаазлан хороожээ. Түүнтэй хамт тус намын ТХ-ны нарийн бичиг Иргит Шагдаржав*, ерөнхий сайд асан Хуулар Дондог нарыг хороосон юм.
Дондогийг баривчилсан Дорнын хөдөлмөрчдийн коммунист их сургуулийн 5 төгсөгч 1930 онд бүгд Тувагийн онцгой комиссараар томилогдож, Сталинд ээлтэй ханддаг байсан тэдгээр комиссар ТАХН-д цэвэрлэгээ хийж, гишүүдийн гуравны нэгийг нь үгүй хийгээд, нүүдлийн аж ахуйг нь хамтралжуулав. Шинэ засгаас Сталины бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж, Тувагийн буддын шашин, бөө мөргөлийг устгах шаардлагатай гэж мэдэгджээ. 1929 онд буддын 25 сүм, 4000 лам хувраг, бөө удганыг үгүй хийсэн бол 1931 онд тус улсад буддын ганцхан сүм, 15 лам, 725 бөө үлдсэн нь дээрх бодлого хангалттай хэрэгжсэнийг бэлээхэн батална. Гэвч тувачуудын нүүдлийн аж ахуйг өөрчлөх нь түүнээс бэрх байлаа. 1932 оны хүн амын тооллогоор тувачуудын 82,2% нь нүүдэлчид байсан нь тодорхой харагддаг. Онцгой комиссараар томилогдсон Салчиг Тогоо* 1932 онд ТАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, Туваг нас бартлаа 1973 он хүртэл удирджээ.[x] Эхнэр Анчимаа* нь Тува ард улсын Бага хурлын дарга болжээ.
2022.11.21
(үргэлжлэлтэй)
* Уг нь Тагна Тува байх ёстой. “Тагна” гэдгийг монгол хэлний уйгаржин бичгээр “tang`-nu” гэж бичээд “tag-na” гэж уншина. Орос хэлэнд хамрын “н” авиа тэмдэглэдэг үсэг үгүй учир “н”-ийг давхардуулан бичих болсон ба тэр чигээр нь унших болжээ.
* Смирнов, Иван (1881-1936) Оросын хувьсгалч, Сибирийн хувьсгалт товчооны дарга (1919-1920)
* Буянбадрах (1892-1932) Тувагийн төр нийгмийн зүтгэлтэн. Тувагийн тэргүүн (1921-1929)
* Дондог, Хууларын (1888-1930) Тувагийн Ерөнхий сайд (1926-1930)
* Шагдаржав, Иргит (1899-1959) Тувагийн Ардын хувьсгалт намын дарга (1929-1932)
* Тогоо, Салчиг (1901-1973) Оросчилсон нэр нь Салчак Калбак-Хорекович Тока. Зөвлөлт Тувагийн нам төрийн зүтгэлтэн. Тувагийн Ардын хувьсгалт намын дарга (1932-1944), Тувагийн автоном мужийн намын дарга (1944-1952), Тува мужийн намын дарга (1952-1973)
* Анчимаа-Тока, Хертек Амырбитова (1912-2008) Тувагийн төрийн тэргүүн (1940-1944)
[i]McMullen, Ronald Tuva: Russia` Tibet or the Next Lithuaninia? (European Security V. 2 No. 3 Autumn 1993) pp. 451-460.
[ii]Трифонов Евгений Тува: Мартагдсан аннексХалх голын тулалдаанд хэн хохирсон бэ? (Nepko publishing Улаанбаатар 2019) х-140-151 [Trifonov Evgenyi Tuva: Forgetten annex]
[iii] Урианхайн байдал (ЗХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын 1925 оны нууц мэдээлэл) (Үг сонин 1991) [Sitation in the Uriankhai Krai]
[iv] Бүрэн эрх барих төлөөлөгч, сайд Магсаржав нарт өгсөн заавар (Үг сонин) 1991 Улсын төв архив [Instructions for Plenipotentiary minister Magsarjav]
[v] Тагна Тувагийн ардын засгийн бичиг (Үг сонин) 1991 Улсын төв архив [Notes about the People`s Government of the Tannu Tuva]
[vi] Каллиников. Революцилнная Монголия (Москва 1925) стр-94-95 [Kallinikov, A.D. Revolutionary Mongolia (Moscow 1925)] st-94-95
[vii] Батсайхан. О. Монгол овогтны нэгдэхийг эсэргүүцэх … (Ил товчоо сонин 1992) №7 [Batsaikhan, O. Opposition to the unification of the Mongol tribes]
[viii] Friters. Gerard.M. Outer Mongolia and its Internatiomal Position (The Johns Hopkins Press, Baltimore 1949) pp-131
[ix] Бадрах.Ө. Намаас баруун бөөрөнхийчүүд лүгээ тэмцсэн амжилттай их тэмцлийн туршлага (Улаанбаатар 2001) х-105 [Badrakh, U. An experience of the party`s fight against Rightiist opportunism]
[x]Трифонов Евгений Тува: Мартагдсан аннексХалх голын тулалдаанд хэн хохирсон бэ? (Nepko publishing Улаанбаатар 2019) х-140-151 [Trifonov Evgenyi Tuva: Forgetten annex]