Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хилээр гаргаж байгаа нүүрс болгонд гэрээ байгуулж, шилэн, ил тод болгож өрсөлдөөн оруулах шаардлагатай. Ингэхгүй бол хууль бус үйл ажиллагаа зогсохгүй. Л.Энхболд гишүүн байхдаа нүүрсний хулгайн асуудлыг анх хөндөж, миний бие ажлын хэсгийг ахалж шалгалт явуулсан. Үүний үр дүнд 364 мянган тонн нүүрс бүртгэлгүй гарсан байна гэдгийг тогтоосон. Гааль дээр хоосон машин гараад байсан. Тухайн үед асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн хэдий ч дөрвөн жилийн хугацаанд одоог хүртэл шалгаж байна. Нүүрс бол нийт ард түмний баялаг. Энэ бол бид бүхний эрх ашиг.
Нүүрсний асуудлаар УИХ-д Хянан шалгах түр хороо байгуулсан. Ирэх оны валютын нөөцийн прогноз хийх гэхээр ЭТТ-ийн байгуулсан оффтейк гэрээний хоёр нь нууцын зэрэглэлтэй. Ийм тохиолдолд эдийн засгийн прогноз гаргах боломжгүй. Тийм учраас гэрээг ил тод болгоно. Бүтээн байгуулалтын ажлыг нууц гэрээгээр хийдэг гэдгийг би одоог хүртэл ойлгохгүй байна. Нүүрсний бүх гэрээ ил тод болбол олон нийтийн хяналт дор байна” гэлээ.