Монгол улс авилгалд идэгдэж байгааг хот хөдөөгүй ярьцгааж байна. МАН эрх барьж байгаа 2016 оноос хойшхи хэдхэн жилийн хугацаанд л гэхэд авилгын олон улсын индексээр олон арван байр ухраад байгаа билээ. Тэгвэл нүүрсний хулгай гэх хэргийн ард яригдаж байгаа тоо хүн бүхний чихийг дэлдийлгээд байна. Энэ талаар АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддорж цахим хуудастаа ингэж бичжээ.
Монголын авилга зэрэг дэвшиж маш дэлгэмэл болжээ.
МАН төрийн эрхэнд гарснаас хойш Монгол улс авилгын индексээр 30 байр ухраад байна.
Зөвхөн нэг л авилгын хэрэг гэхэд урьд хожид сонсогдож байгаагүй тоогоор яригдах боллоо. УИХ-ын гишүүн Доржхандын мэдэгдснээр зөвхөн нүүрсний хулгайн хэрэг багадаа 40 их наяд төгрөг хүрсэн байна.
40'000'000'000'000.00 төгрөг
Энэ тоог тайлбарлавал 10-ын 13 зэрэгт, буюу 14 оронтой тоо. Гадаад нэр нь 40 триллион, Монгол нэр нь ДӨРВӨН МАШ ДЭЛГЭМЭЛ.
Малын толгойд шилжүүлбэл арай ойлгомжтой ч байж магад. Хэрэв нэг хониноос 20 кг мах гарч тэрнийг нь эмээлтэд авч байгаа ханш 1 кг махыг 5000 төгрөг гэж тооцвол нэг хонь 100'000 төгрөг болж байна.
Ингэж тооцвол дөрвөн маш дэлгэмэл төгрөг нь 400'000'000 (дөрвөн зуун сая) хонины үнэ. Манай улсын бүх мал сүрэг 70 сая. Өөрөөр хэлбэл нэг л авилгын хэргийн ард манай улсын нийт мал сүргээс зургаа дахин их мөнгө завшигдаж байна.
Ямар их гамшиг вэ? 100'000 төгрөг тарааж сонгуульд ялаад, хүнсний талон тарааж уур бухимдлыг нь дарчихаад иргэдээ мөнхийн ядуу байлгаж баялгийг нь хуу хамах нь эрх баригчдын хүсэл юм уу?
Дотроо нэг бодолтой байж авилгач МАН-аас эгнэгт салахгүй л бол эх орон чинь сүйрэх нь. Түмэн олон болгооно биз!