Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээр:
– 2017 онд 3,945 гэр бүлээ цуцлуулсан бол
– 2019 оны байдлаар 4,159 хүн гэрлэлтээ цуцлуулжээ.
Гэрлэлтээ цуцлуулах хандлага нь жил бүр мянга, мянгаар нэмэгдэж байгааг та дээрх үзүүлэлтээс харж байгаа байх. Нийт гэрлэлтийн 20 гаруй хувь нь буюу таван гэрлэлт тутмын нэг нь гэр бүлээ цуцлуулж байна. Тэдгээр гэр бүлийг дунджаар 1-2 хүүхэдтэй гэж тооцоолбол жилд дунджаар 10,000 орчим хүүхэд эцэг эхийнхээ хамтын амьдралд өсөж торних боломжгүй нөхцөл үүсэж байна гэсэн үг.
Судлаач миний бие тэрхүү 10,000 гаруй хүүхдийн сэтгэл зүйг бага ч гэсэн ойлгуулах үүднээс энэхүү нийтлэлээ бичиж байна.
Салалтын үед асран халамжлагч нь хүүхдийн сэтгэл зүй ямар нөхцөлд байгааг ойлгож, эцэг эхийн салалтыг тайлбарлах шаардлагатай байдаг байна. Хосууд ямар ч шалтгаанаар гэр бүлээ цуцлуулж болно. Гэхдээ энэхүү үйл явцад хүүхэд бие болон сэтгэл зүйгээрээ хохирох ёсгүй гэдгийг салж буй хосууд маш сайн ойлгох нь чухал юм. Бага байх үед нь эцэг эх нь салсан хүмүүсийн 70 гаруй хувь нь гэмт хэрэгт холбогддог гэсэн судалгаа байдаг.
Хосууд салахад хүүхэд их, бага хэмжээгээр сэтгэл санааны дарамтад ордог бөгөөд энэ нь нүдэнд харагдахгүй байгаагаас үүдэн хүүхэд энэ нөхцөл байдлыг ойлгохгүй мэдрэхгүй өнгөрлөө гэж ихэнх асран халамжлагчид буруу ташаа ойлгодог. Хүүхэд бүх зүйлийг мэдэрч, ойлгодог бөгөөд бага насандаа авсан энэ мэдрэмж нь өсвөр насанд хүрэхэд хүүхдийн зан үйл дээр илүү хурц хэлбэрээр илэрдэг тал бий.
Жишээ нь их уур уцаартай болох сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх, өөртөө итгэх итгэлгүй байх, эрсдэлтэй зан үйлийг олон удаа давтамжтайгаар дахин дахин хийх гэх мэт. Гэрлэлтээ цуцлуулж байгаа хүмүүст хүүхдийн талаарх хэд хэдэн алдаатай бодол болон үйлдлүүд байдаг. Хүүхдээ балчир байх үед “Салсан нь дээр, хүүхэд юу ч мэдэхгүй өсөх болно” гэж боддог. Үнэндээ хүүхэд бүх зүйлийг өөрийнхөө төвшинд тодорхой хэмжээгээр мэдэрч ойлгож байдаг. Тиймээс үүнийг эцэг эх мэдэж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Салж буй хосууд өөрсдийн гомдол, айдас, стрессээ үзэн ядалтаар илэрхийлэн тэр мэдрэмжээ хүүхдэдээ дамжуулж байгаагаа өөрсдөө ч зарим тохиолдолд анзаардаггүй. Энэ нь хүүхдийг өөртөө итгэлгүй болгох мөн бусдад итгэх итгэлгүй болоход нөлөөлдөг байна. Тэгвэл салж буй хүмүүс салалтад хүүхдийн сэтгэл зүйг бэлдэх нь чухал бөгөөд эхний ээлжинд доорх энгийн хэдэн алхмуудыг хийх нь зүйтэй. Үүнд:
1. Салах шийдвэр гаргаснаа хүүхдэдээ хэлэх хэрэгтэй.
/Яагаад салж байгаа тухайгаа маш энгийн хүүхэд ойлгох төвшинд тайлбарлах/
2. Эцэг эхийн салалтад хүүхэд буруугүй гэдгийг заавал хэлж тайлбарлах.
3. Эцэг эх хэн хэнийгээ хүүхдийн хажууд хэзээ ч муулахгүй байх. Хүүхдийн хажууд дотны хүмүүсийн талаар сөрөг зүйл ярихгүй байх.
Хүүхэд хэзээ ч өөрийн төрсөн эцэг эхийгээ талаар муу зүйл сонсохыг хүсдэггүй гэдгийг анхаарах.
4. Хэрвээ хүүхэд хүсвэл хэзээ ч хамаагүй ээж эсвэл аавтайгаа уулзаж болно гэж хэлж ойлгуулах.
Эх сурвалж: psychology.mn