Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлаар АТГ-аас шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газраас "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдлагуудыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.

Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Тус компанийн гүйцэтгэх захирлыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүний хүрээнд прокурорын зөвшөөрлийг үндэслэн нотлох баримт байгаа объектод нэгжлэг хийх ажиллагааг явуулсан. Одоогоор 33 объектод нэгжлэг хийж, дөрвөн этгээдийг 48 цагийн хугацаатай баривчилсан" гэж мэдээлэв.

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Удаанжаргал нь Korean National Railway компанийн урилгаар туршлага судлах зорилгоор өөрийн компанийн инженерүүдийн хамт БНСУ-д ажлын албан томилолттой яваа гэх мэдээлэл бий. Гэсэн хэдий ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулж, нотлох баримтуудыг цуглуулна гэж Авлигатай тэмцэх газраас мэдэгдлээ.

Түүнийг аж ахуйн нэгж, байгууллагуудтай нүүрсээр төлбөр тооцоо хийх гэрээ байгуулан ашиг олж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудалд холбогдуулан шалгаж байгаа аж.

Ташрамд мэдээлэхэд, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар 2021 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж байв.