"Парис-2024” олимпын албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцууллаа


"Парис-2024” олимпын  албан ёсны бэлгэдэл сахиусыг танилцууллаа

Олимпын наадам эхлэхэд 600 хоног үлдсэнийг тохиолдуулан “Парис-2024” олимпын зохион байгуулагчид албан ёсны бэлгэдэл сахиус буюу маскотыг олон нийтэд танилцууллаа.

Наадмын бэлгэдэл сахиус ихэвчлэн ямар нэг амьтныг дүрсэлсэн байдаг бол францчууд энэ уламжлалаас татгалзаж, тус улсын хувьсгалын бэлгэ тэмдэг болсон phrygian малгайн хэлбэрийг агуулсан Phryges маскотыг сонгожээ. Францын хувьсгалт тэмцлийг эхлүүлсэн энгийн иргэд конус хэлбэрийн уг малгайгаар ялгардаг байсан тул хожмоо хувьсгалын бэлгэ тэмдэг болсон байна.

“Парис-2024” олимпын Зохион байгуулах хорооны дарга Тони Эстанге “Спортоор дамжуулан бүхнийг өөрчилж болно гэдгийг дэлхий нийтэд батлан харуулахыг зорьсон учраас ардчиллын бэлгэ тэмдэг болсон малгайг сонгосон. Энэ бэлгэ тэмдэг францчуудын ондоошил, ялгарлыг илэрхийлэх болно” хэмээн тайлбарлажээ.

“Бид өөрсдөөсөө Францын мөн чанарыг агуулсан сахиус юу байж болох вэ гэж асуусан. Зөв хариулт нь ямар нэг амьтан биш, үзэл санаа байсан. Тиймээс хэдэн зууны турш Францын ардчилал, эрх чөлөөний бэлгэдэл болсоор ирсэн Phrygian малгайг сонгосон юм” хэмээн “Парис-2024” олимпын брэндийн захирал Жюли Матихин ярьсан байна.

Зохион байгуулагчид бэлгэдэл сахиусаа хүүхэд залуусын хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд өхөөрдөм тоглоомын дүртэй болгожээ.

Олимпын бэлгэдэл сахиус нь жижиг хэмжээтэй бол паралимпын маскот нь арай том хэмжээтэйгээс гадна хиймэл хөлтэй байгаа нь анхаарал татна. "Бид ганцаараа бол хурдан явна. Харин хамтдаа байвал илүү хол явна" гэсэн утга санаа илэрхийлэхийн тулд ийм шийдэл гаргасан болохыг зохион байгуулагчид тайлбарласан байна.