Японд коронавирусний цар тахлын найм дахь давлагаа эхэлсэн талаар тус улсын Анагаах ухааны холбооноос лхагва гарагт мэдээлжээ.
“Эрүүл мэндийн салбарын нөөц бололцоо хязгаарлагдмал байгаа тул “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийн тоо огцом нэмэгдэх нь эрүүл мэндийн тогтолцоонд дарамт учруулах болно” гэж тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Камаячи Сатоши хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Японд өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо лхагва гарагт 106 689-т хүрснээр хоёр хоног дараалан 100 мянгын босгыг давжээ. Түүнээс Хоккайдо, Нагано мужуудад урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн олон тохиолдол илэрсэн бол Токиод хоёр өдөр дараалан 10 мянгаас дээш хүнээс халдвар илэрчээ.
“Бид нөхцөл байдлыг анхааралтай хянан ажиглаж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх болно” гэж Японы Ерөнхий сайд Кишида Фүмио мөн лхагва гарагт мэдэгдсэн байна.