Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Чех улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд Ярослав Миллертэй 2022 оны 11 дүгээр сарын 15-нд уулзлаа.
Уулзалтаар хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ хүрээнд Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар монголын залуучуудыг Чехийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад сургах асуудлаар ярилцав.
Тэрбээр монголын тал Монгол, Чехийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны баялаг уламжлалд түшиглэн Чех улсын их, дээд сургуулиудад шинжлэх ухаан, технологи, ногоон хөгжил, байгаль хамгаалал, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд зэрэг чиглэлээр оюутан залуусыг суралцуулах эрмэлзэлтэй байгааг онцлон тэмдэглэв.
Дэд сайд Я.Миллер Монголын оюутан, залуусыг Чехэд суралцуулахад бүх талаар дэмжин ажиллахаа нотолж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн оюутан сургах асуудлаар хоёр улсын Боловсролын яамд хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах талаар ярилцаж, тогтов.
Зөвлөх Э.Одбаяр Чех улсад суралцаж байгаа болон төгсөөд мэргэжлээрээ ажиллаж буй оюутан залуусыг ЭСЯ-нд хүлээн авч уулзаж, тус улсад суралцахад анхаарах асуудал, туршлага, санал бодлыг нь сонсож, ярилцлаа.
Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр Боловсролын зээлийн сангийн ажлын албаны захирал Д.Гарди, МУИС-ийн дэд захирал Д.Бадмаанямбуу нарын хамт Чех улсад ажиллаж буй юм. Манай төлөөлөгчид ирэх өдрүүдэд Чехийн Карлын Их сургууль, Техникийн Их сургууль, Менделийн Их сургууль, ХАА-н Их сургууль зэрэг томоохон их, дээд сургуулиудын удирдлагатай уулзаж, шууд хамтын ажиллагааны талаар ярилцана гэж Прага дахь Монголын ЭСЯ мэдээлэв.