БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлтой Индонезийн Бали аралд мягмар гаргийн үдэд уулзжээ.
Ши Жиньпин Хятад, Өмнөд Солонгос нь хэзээ ямагт зэрэгцэн орших ойр дотно хөрш, хамтын ажиллагааны түншүүд гэдгийг онцолсон байна. Хоёр орон бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалах, дэлхийн хөгжил цэцэглэлтийг ахиулахад чухал үүрэг хариуцлага хүлээхийн зэрэгцээ өргөн хүрээнд ашиг сонирхол нэгдэж байгааг тэрбээр хэлжээ.
Энэ жил Хятад, Өмнөд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгааг мөн онцлон тэмдэглээд, хоёр орны харилцаа жигд, тогтвортой хөгжиж байгааг өнгөрсөн 30 жилийн түүх харуулж байна гэв. Хятад улс хоёр орны харилцааг бэхжүүлэн ахиулж, бүс нутаг болон дэлхий нийтийн тогтвортой байдлыг хангахад Өмнөд Солонгостой хамтран ажиллахад бэлэн байна гэж Ши Жиньпин хэллээ.
Мөн хоёр тал стратегийн харилцаа холбоо, улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлоод, хоёр орон хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо сайжруулж, хамтын хөгжил, хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин чармайлт тавих хэрэгтэй гэсэн байна.
Хоёр орон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай яриа хэлэлцээг түргэтгэж, өндөр технологийн үйлдвэрлэл, ногоон эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын чөлөөт худалдааны тогтолцоог хамтаар дэмжиж, дэлхийн аж үйлдвэрийн болон нийлүүлэлтийн сүлжээг аюулгүй, тогтвортой байлгаж, эдийн засгийн хамтын ажиллагааг улстөржүүлэхийн эсрэг байр суурь баримтлах хэрэгтэй гэдгийг тэрбээр онцлов.
Хятад улс Өмнөд Солонгосын талтай соёлын солилцоо, хамтын ажиллагааг ахиулж, “Хорийн бүлэг” болон бусад форумын хүрээнд харилцаа холбоогоо өргөжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байгааг мөн нэмж хэлсэн байна.
Юн Сок Ёл үүний хариуд хэлсэн үгэндээ, БНСУ-ын тал энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг Хятад улстай харилцан бие биеэ хүндэтгэх, харилцан ашигтай хамтран ажиллах зарчимд тулгуурласан харилцааг хөгжүүлэн бэхжүүлэх боломж болгон ашиглахад бэлэн байна гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, Өмнөд Солонгос Хятад улстай янз бүрийн түвшинд харилцаа холбоогоо хэвээр хадгалж, ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлж, чөлөөт худалдааны тогтолцоог дэмжин, дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг хамтаар зохицуулна хэмээн найдаж байна гэв.