Хятадад хөл хориог эсэргүүцсэнээс болж эмх замбараагүй байдал үүсжээ


Хятадад хөл хориог эсэргүүцсэнээс болж эмх замбараагүй байдал үүсжээ

Хятадын өмнөд хэсэгт орших Гуанжоу мужид коронавирусийн халдварын эсрэг хөл хориог эсэргүүцсэн жагсаалаас үүдэн эмх замбараагүй байдал үүсжээ.  

13 сая хүн амтай тус хотын оршин суугчид гудамжинд гарч, хашлагуудыг буулган цагдаа нартай тэмцэлдсэн байна. 

Иргэд ажил хийх боломжгүйн улмаас ядуурч, хоол хүнсгүй болж, хүнсний бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдэж байна хэмээн бухимдлаа илэрхийлсэн байна.

Хятадад "Тэг ковид" бодлого явуулж буй. Тус улсад гурав хоногийн дотор 14.5 мянган хүнээс халдвар илэрснээс 4 мянга нь Гуанжоу хотод бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор эрх баригчид иргэдээс гэртээ байхыг шаардсан байна. Өмнөх хөл хорио нь долоо хоног орчим үргэлжилж арваннэгдүгээр сарын 13-нд дуусах байсан ч дахин шинэ тохиолдол илэрсэн тул хөл хориог сунгахаар шийджээ.

Хөл хорио тогтоосон хаалттай дүүргүүдэд өдөрт гэр бүл болгоноос зөвхөн нэг гишүүнд л дэлгүүр орохыг зөвшөөрсөн байна. Мөн сургуулиудыг хааж, нийтийн тээврийг зогсоон, нислэгүүдийг зогсоожээ. Гэвч сүүлийн үед бүртгэгдсэн тохиолдлуудын 90 хувь нь ковид-19-ийн шинж тэмдэг илрэхгүй байгаа аж.

Эх сурвалж: ВВС, South China Morning Post