АРДЧИЛСАН НАМААС ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА

ШААРДЛАГА
"Дэлхий дахинд геополитикийн зөрчилдөөн, хөгжингүй орнуудын мөнгөний хатуу бодлого, БНХАУ-ын “Тэг Ковид”-ын бодлого, эд хөрөнгийн зах зээл дээрх хямралаас үүдэлтэй эдийн засаг нь саарах эрсдэлтэй туйлын хүнд үед Монгол улсын Засгийн газраас 2023 оны Монгол улсын нэгдсэн төсвийг өргөн барьж, УИХ-аас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэж, яаран баталлаа.
ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд дэлхийн улс орнуудад төсвийн бодлогоо чангаруулахыг зөвлөж буй өнөө үед Монгол улсын түүхэнд байгаагүй хэт тэлсэн буюу 20 их наядын босго давсан төсөв ийнхүү батлагдаж байгааг Ардчилсан нам эрс буруушааж байна. 
2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн УИХ-ын  Нэгдсэн чуулганаар төсвийн хүрээний мэдэгдлээ баталж дунд хугацаанд төсвийн голлох үзүүлэлтүүдийг хуульчилснаас хойш  4 сарын дараа Засгийн газраас Төсвийн тогтвортой байдлын хуулийн 7.3, 10.1.3, 11.1.2 дахь заалтууд болон Төсвийн тухай хуулийн 27.1.9 дэх заалтуудыг зөрчсөн хуулийн төсөл өргөн барьж,  Улсын Их Хурал Үндсэн хуулийн “хууль дээдлэх” зарчмыг уландаа гишгэж төсвийг хэлэлцэж баталсанд харамсаж байна.
Төсвийн зарлагаа өндөр байлгахын тулд орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь Төсвийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д “...төсвийн төсөл “макро эдийн засгийн төлөв байдал, дүн шинжилгээ, тооцоонд үндэслэсэн байна” гэсэн заалтыг зөрчиж байна. 
Уул уурхайн салбараас 2020 онд 3.2 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлж байсан бол энэ үзүүлэлтийг 4.9 их наяд төгрөг болгон тэлжээ. 2018 онд татварын орлогын хэмжээ 6.2 их наяд төгрөг байсан бол 2023 онд 17.0 их наядад хүргэж, огцом буюу 3 дахин өсгөсөн байна. 
 Энэ хугацаанд манай улсад үйлдвэрлэл ийм хэмжээнд өсөх нь бүү хэл эсрэгээрээ уруудаж, ахуй нэгж, иргэдийн нуруун дээр ирж буй  татварын ачаалал бараг 3 дахин нэмэгдлээ. 
Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цагт эрх баригч МАН намын Засгийн газраас хэрэгжүүлж буй тооцоо судалгаагүй төсвийн бодлого нь ядуу иргэдийн тоог нэмэгдүүлэх, аж ахуй нэгжүүд хаалгаа барих нөхцлийг бүрдүүлж байна.
УИХ-ын хэт олонхи эдийн засгаа солонгоруулах биш харин уул уурхайн хараат байдлаа улам бүр нэмэгдүүлж, бүтэн гурван жил ковидын хатуу хөл хорионд үйл ажиллагаа нь тасалдсан аж ахуйн нэгжүүд, иргэдээсээ илүү их хэмжээтэй татвар авах замаар төсвийн орлогоо нэмэгдүүлэхээр тооцсон нь  нийгмийн дундаж давхаргад илүү эрсдэлтэй шийдвэр боллоо. 
Төсвийн зарлага дэндүү данхайж жил ирэх тутам 20 хувиар өсөж байна. Гэтэл манай улсын эдийн засагт энэ хэмжээний өсөлт гарсангүй, ДНБ 12-14 тэрбум ам.долларт эргэлдэж, төрийн үйлчилгээний чанар сайжирсангүй. Үнэ өсөж, ханш сулрахтай зэрэгцэн иргэдийн амьдрал уруудаж, нэг иргэнд ногдох ДНБ-ний хэмжээ 4 мянган ам.долларт уяастай арван жил өнгөрлөө. 
Төсвийн зарлага 2018 онд 9.6 их наяд байсан бол ирэх жил 20.5 их наяд болж огцом, урсгал зардал нь 7.4 их наядаас 15 их наяд төгрөг хүртэл тус тус нэмэгдлээ. Урсгал зардал өсөхийн хэрээр төсвийн алдагдал нэмэгдэж үүнийгээ гадаад зээлээр хааж ирлээ. 
Төсвийн тухай хуулийн 27.1.9-д Төсвийн төсөл боловсруулахдаа “Төрийн мөнгөний бодлогын зорилтод нийцсэн байна” гэж заасан. Монголбанк мөнгөний бодлогоо чангалж, бодлогын хүүг 12 хувьд хүргэсэн энэ үед төсвөө ийнхүү тэлсэн нь төсөв, мөнгөний бодлого уялдаагүй батлагдсаныг тодорхой харуулж байна. Ийм бүдүүлэг алдааг Африкийн хамгийн хоцрогдсон цөөн улсын жишээн дээр харж болдог.  Азид ийм улсын нэг нь Шри-Ланка байсан.
Төсвийн хөрөнгийн оруулалтын хуваарилалт, байршуулалт жигд, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зарчим бүр мөсөн алдагдлаа. Үүнийг Хэнтий аймгийн нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт 3 сая 279 мянган төгрөг байхад Орхон аймгийн хувьд 148 мянга, Өмнөговь аймгийн хувьд ердөө 107 мянган төгрөг оногдож байгаагаас харж болох юм. Хөрөнгө оруулалтын 1061 арга хэмжээний 80-90 хувь нь цаашид төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байгаа нь аюулын дохио юм. 
Монгол улс нэмүү өртөг бүтээх чадамжгүй халамжийн орон болж хувирчээ. Зөвхөн өөрсдийгөө сонгуулах зорилгоор татвар төлөгчдийн мөнгийг халамж хэлбэрээр хайр найргүй тараах нь улс орныхоо ирээдүйг хорлох ноцтой гэмт хэрэг мөн.
Сүүлийн хоёр жил дараалан давхардсан тоогоор 2.5 сая иргэн буюу нийт иргэдийн 75 хувь 2 их наяд төгрөг авдаг байдал ирэх жил бас давтагдах нь тодорхой боллоо. Бусад улс орнуудтай харьцуулахад ч Монгол Улс халамжид их хэмжээний төсөв зарцуулсныг НҮБ-ын Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээнд онцолжээ. 
“Олон төсөвтэй байж болохгүй”, “гадаад өрийг нэмж болохгүй” гэх шүүмжлэлийг МАН-ын улс төрчид ярьдаг байсан нь саяхан. Гэвч өнөөдөр Монгол улсын төсөвтэй зэрэгцэн Монголбанк, Хөгжлийн банк, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс Сильвэр Ресурс гэх мэт төрийн өмчит компаниуд төсвийн шинж чанартай санхүүжүүжилтыг тоолбол бие даасан арав гаруй төсөвтэй болсноор “Төсвийн иж бүрэн байдлын зарчим” бүрэн алдагдаж байна.
2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр өнөөгийн эрх баригчид Та бүхэн Монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар хангалттай ярьсан. Харин одоо энэ үзүүлэлт 30 сая төгрөгтэй тэнцэж байна. 
Хэрэв  Монгол банкны своп, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам зэрэг төрийн өмчит олон компаниудын өр, өрийн баталгаа зэргийг нэмж тооцвол Засгийн газрын өр ДНБ-ний 100 хувиас давах хэмжээнд хүрчээ. 
Ийнхүү Монгол улс “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдлээ. Өрийн асуудал Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсныг анхааруулъя. 
Улс орны эдийн засаг гүн хямралд нэрвэгдлээ. Ийм байдалд хүргэхэд төсвийн хөрөнгө оруулалт дагасан болон ЖДҮ, Хөгжлийн банк, арилжааны банкуудтай холбоотой луйврууд мөн концессын хэдэн их наядаар тоологдох хулгайг залган нүүрсний оффтэйк гэрээний асуудал сөхөгдлөө. Ийм гэрээний дүн хэдэн тэрбум ам.доллараар яригдаж байгаа нь Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулах, парламентын засаглалыг үгүйсгэж улс орныг дампууралд хүргэх “том дээрэм” гэдгийг онцлон тэмдэглэе. 
Ийнхүү нийтээрээ дагаж мөрддөг хуулиудаа уландаа гишгэж, улс орны эдийн засагт гадаад өрөөр дамжин ноцтой хохирол учруулах, ард түмний амьдралыг үнийн өсөлтөөр дамжин ядууруулах, хөгжлийн бодлогоо умартсан Монгол улсын 2023 оны Нэгдсэн төсөв батлагдсаныг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих....” эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаардаг. 
 Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та ирээдүйд манай улсын нийгэм, эдийн засагт ноцтой хохирол авчрах 2023 оны төсөвт хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хориг тавина гэдэгт найдаж, энэхүү бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг Ардчилсан нам шаардаж байна." 

АРДЧИЛСАН НАМ