ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН XXIV ЭРДМИЙН ЧУУЛГАН БОЛЖЭЭ


Гэмтэл согог судлалын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын 24-р эрдмийн чуулганыг 2022 оны 11 сарын 11, 12-ны өдрүүдэд "Гэмтэл согогийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах нь" уриан дор Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв, Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, МГСЭМХолбоо, Эрүүл Мэндийн Хөгжлийн төв хамтран амжилттай зохион байгууллаа.
Эрдмийн чуулганд Монгол улсын ерөнхийлөгчийн Эрүүл мэнд спорт, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, ГССҮТөвийн ерөнхий захирал Э.Галбадрах, УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, НЭМГ-ын дарга Бямбадорж нар чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол улсын ерөнхийлөгчийн Эрүүл мэнд спорт, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх, АУ-ны доктор, Гэмтэл согогийн зөвлөх зэргийн эмч Т.Мөнхсайхан гадаад дотоодын эрдэмтэн судлаачдад амжилт хүсч цаашдаа жил бүр зохион байгуулагддаг энэхүү ОУ-ын чуулганд судлаачдаа дэмжих зорилгоор Ишлэл өндөртэй /Infact factor/ олон улсын сэтгүүлд судалгаагаа хэвлүүлсэн судлаачийг шалгаруулан өөрийн нэрэмжит шагнал олгож байхаар болсноо дуулгалаа.
Мөн тус чуулганд ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох Гүйцэтгэлийн санхүүжилтийн бодлогыг танилцуулж энэхүү хуралд оролцож буй судлаачдадаа амжилт хүслээ. Энэхүү чуулганд ОХУ, БНСУ, Казакстан, Турк, Герман, Польш зэрэг олон орны эрдэмтэн, профессор, судлаачид болон Гэмтэл согог судлалын Улаанбаатар хот болон орон нутгийн 130 гаруй эмч, мэргэжилтэн, судлаачид оролцсон байна.
Энэ жилийн хуралд нийт гадаадын 9 зочин профессорын илтгэл, дотоодын эмч, судлаачдын 17 илтгэл хэлэлцэгдсэн байна. Дотоодын судлаачдын 44 илтгэлээс бүрдсэн хурлын илтгэлийн хураангуй хэвлэгдэн гарлаа. Гэмтэл согог судлалын салбар

ШИЛДЭГ СУДАЛГААНЫ АЖИЛ /илтгэл/
  1. УНТЭ-ийн С.Дашцогт нарын судлаачид "УНТЭ-т хийгдсэн мега протез суулгах мэс заслын үр дүнгээс,
  2. ГССҮТ-ийн Б.Баттөгс нарын судлаачдын "Сээр, бүсэлхийн нугалмын хугарлыг бэхлэх мэс заслын үр дүн: Хөлөнцөрийн шургын нарийвчлал"
  3. ГССҮТ судлаач Х.Туяа "Түлэгдэлтийг эмчлэх уламжлалт болон Spincare эмчилгээний аргын үр дүнг харьцуулан судалсан нь"
ШИЛДЭГ CASE REPORT төрөлд ГССҮТ-ийн Т.Золжаргал нарын судлаачдын "Дээд мөчний хавсарсан гэмтлийг нөхөн сэргээх мэс заслын тохиолдол”,
ГССҮТөвийн захирлын нэрэмжит шагналаар ШУТИС-ийн Х.Батбаяр нарын судлаачдын "Түнхний үе солих мэс заслын өмнөх ба дараах доод мөчний хөдөлгөөний кинематик харьцуулалт",
ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧААР
ГССҮТ-ийн ГСНСБМЗТ-ийн эрхлэгч АУ-ны магистр, Тэргүүлэх зэргийн эмч Л.Нанжид
ШИЛДЭГ ЗАЛУУ МЭС ЗАСАЛЧ
УНТЭ-ХҮСҮСТ-ийн их эмч Н.Энхтайван
ШИЛДЭГ ОРОН НУТГИЙН МЭС ЗАСАЛЧ
Дорнод аймгийн БОЭТ-ийн Гэмтэл согогийн мэс заслын тасгийн эрхлэгч, Ахлах зэргийн эмч Т.Энхтулга гэсэн номинациудаар тус тус салбарын шилдгүүдээ шалгарууллаа.

Эх сурвалж: ЭМЯ