“ХҮҮХДИЙН НҮДНИЙ ЭМГЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ” сэдэвт цахим хурал болжээ

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Тандалт судалгааны албанаас хүүхдийн нүдний эмгэгийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид хүүхдийн нүдний эмгэгээс сэргийлэх зорилгоор “Хүүхдийн нүдний эмгэгийн эрт илрүүлэг” сэдэвт цахим хурлыг 2022 оны 11 дугаар сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Хурлыг тус төвийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, зөвлөх зэргийн эмч Ч.Цэнгэлмаа удирдан явуулсан бөгөөд хуралд ЭХЭМҮТ, Хүүхдийн төв сувилал, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, аймгуудын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хүүхэд, нярай, нүдний эмч, сувилагч, өрх, сумын эмч, эх баригч бүхий 158 эмч, мэргэжилтэн цахимаар оролцлоо.
Цахим хурлаар тус төвийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, зөвлөх зэргийн эмч Ч.Цэнгэлмаа “Хүүхдийн нүдний эмгэгийн эрт илрүүлэг” сэдвээр сургамж, дүгнэлтийг танилцуулж, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны судлаач эмч Г.Батзул “Хүүхдийн нүдний эрүүл мэндийн өнөөгийн байдал”, ЭХЭМҮТ-ийн НМЗТ-ийн ахлах зэрэгтэй эмч, АУ-ны магистр С.Өнөрсайхан “Дутуу нярайн торлогийн эмгэгийн скрининг”, ЭХЭМҮТ-ийн НМЗТ-ийн эмч Ж.Номин-Эрдэнэ “Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл” сэдвээр онолын мэдээлэл хийв.
ЭХЭМҮТ-ийн нүдний мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, зөвлөх зэргийн эмч Ч.Цэнгэлмаа ЭМС-ын 2016 оны А/187 тоот тушаалаар Монгол улсад хүүхдийн нүд судлал, тэр дундаа хүүхдийн нүдний сохрол, сул харааг эрт илрүүлэх, хараа хамгаалах тандалтын тогтолцоо үүсэнг танилцуулав. Орбис олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хүүхдийн сохролын шалтгаан болж байгаа дутуу нярайн торлогийн эмгэгийг эрт илрүүлэх үзлэгийн тогтолцоо үндэсний түвшинд нэвтэрч эхэлсэн. 2012 оны 9 сараас ЭХЭМҮТ-д дутуу нярайн торлогийн эмгэгийн эрт илрүүлэг, тандалт шинжилгээний ажил хэрэгжиж эхэлсэн. Монгол Улсад нотолгоонд суурилсан шалгуураар төрсөн нярай бүрийг (төрөх үеийн нярайн жин 2000 граммаас доош, тээлтийн нас 34 долоо хоногоос бага) эрт илрүүлэгт хамруулж, шаардлагатай үед ЭХЭМҮТ-д илгээх тогтолцоо бүрдэв. Дутуу нярайн торлогийн эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх үйл ажиллагаа нь нүдний ба нярайн эмч, сувилагч нарын багаараа үзүүлэх цогц тусламж үйлчилгээ юм.
Үндэсний түвшинд хүүхдийн нүдний хорт хавдрыг илрүүлэхэд хүүхдийн нүдний угийн улаан рефлексийг үзэх нь маш чухал бөгөөд эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Хүүхдийн нүдний эрт илрүүлэгт нүдний улаан рефлексийг үзэх сургалтыг аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд үе шаттайгаар хийж, багаж, тоног төхөөрөмжөөр хангагдах асуудлыг шийдэж байна. Монгол Улсаас гадаадад явж эмчлүүлдэг өвчний жагсаалтаас хүүхдийн нүдний торлог, шилэнцрийн мэс засал хийх асуудлыг хасагдсан амжилттай байгааг хэлэхэд таатай байна. Эх, ургийн халдварын улмаас дутуу төрсөн нярайн нүдний торлогийн эмгэгийг цаг хугацаанд нь оношлох, илрүүлэх, эмчлэх нь чухал болохыг дурьдлаа.
Хүүхдийн нүдний эмгэгийг эрт илрүүлж, эрт оношилвол сэргийлж болох нүдний өвчлөлийг бууруулах боломжтой талаар дурьдаад, цахим хурлын төгсгөлд оролцогчдын асуултанд хариулж, харилцан ярилцлаа. 

Эх сурвалж: ЭМЯ