БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд хатагтай Кэтрин Ивкоффийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар байгаль хамгаалал, менежмент, хөрөнгө оруулалт, хариуцлагатай уул уурхайн хөгжилд тогтвортой үйл ажиллагааны стандартыг нэвтрүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалал, салбарын хүний нөөцийг чадавхжуулах тухай санал солилцож, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарал, түүнийг багасгахад сэргээгдэх эрчим хүчний нөлөөлөл зэрэг сэдвээр ярилцан, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллахаар боллоо.
Канад Улс нь байгаль хамгаалах чиглэлээр арвин туршлагатай орны нэг төдийгүй байгаль орчинд үзүүлж буй нийгэм, эдийн засаг, уул уурхайн нөлөөллөөс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад сэргээгдэх эрчим хүчний шилжилт ач холбогдолтойг Элчин сайд Кэтрин Ивкофф дурдаад, хүлэмжийн хийн ялгаралд хамгийн их нөлөөлдөг уул уурхайн салбарын хариуцлагатай, тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтээр дуу хоолойгоо нэгтгэж буй цаг үед салбар яамдын хамтын ажиллагааны дүнд дээрх зорилтуудад ахиц гаргана гэдгийг онцлов. Мөн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод” хөдөлгөөн ач холбогдолтой төдийгүй Канад Улсын энэ төрлийн энгийн, хамгийн үр дүнтэй туршлага, техник технологийг санал болгон дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Тэрбээр, “Тэрбум мод” тарьж, ургуулах нь нэг хэрэг ч нөгөө талдаа үр дүнтэй хэрэгжүүлэх, тарьсан мод, бут, сөөгийг тоолох, бүртгэх, тайлагнах мониторингийн ажлыг орхигдуулж болохгүйг сануулаад, Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжин, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад оруулж буй Монгол Улсын энэ санаачилгыг Ойн агентлагаар дамжуулан дэмжиж, хамтран ажиллахад бэлэн гэжээ.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “12 дугаар сард Канад Улсад зохион байгуулах НҮБ -ын Биологийн төрөл зүйлийг хамгаалах тухай конвенцод оролцогч талуудын уулзалтад оролцоно. Энэ үеэр Канадын Байгаль орчны сайдтай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөж байгаа. Цаашид 2 орны хамтын ажиллагааг байгаль орчны салбарт шинэ шатанд гаргахаар зорьж байна” гэсэн юм.