Олимпын болон олимпын бус спортын төрлийн ДАШТ, наадмаас медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгох тухай шийдвэрийг 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтоол гарган шийдвэрлэлээ.
Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу ийнхүү шийдвэрлэж байна.
Хуралдаанд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ мөнгөн шагналын асуудлаар танилцуулга хийсэн юм.
Тэрбээр: “2021, 2022 онд явагдсан 8 спортын төрлийн /чөлөөт бөх, жүдо, самбо, хүндийн өргөлт, пауэрлифтинг, шатар, пара байт харваа, парапауэрлифтинг, пара таеквондо/ олимпын болон олимпын бус төрлийн 11 ДАШТ, нэг наадамд манай улсын 36 тамирчин, 14 дасгалжуулагч нар нийтдээ давхардсан тоогоор 46 хүнд журмын дагуу 442 сая төгрөгийн мөнгөн шагналыг Засгийн газраас олгохоор болж байна” гэсэн юм.
Засгийн газрын хуралдаанд БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан оролцож, асуултад хариулан нэмэлт тайлбар хийсэн байна.
Засгийн газрын хуралдаанаар шийдэгдсэн мөнгөн шагналыг хүртэж байгаа тамирчид, дасгалжуулагч нараас онцлон дурдвал шатрын Их мастерын болзлыг 2021 оны дэлхийн шатрын олимпиадын үеэр хангасан 16 настай Д.Батсүрэн, 2022 пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэн, дэлхийн дээд амжилтыг тогтоосон, ҮШБ-ийн тамирчин Э.Содномпилжээ, 2021 онд Бразилд болсон дэлхийн дифлимпын зуны XIV наадмын чөлөөт бөхийн 65 кг-д түрүүлсэн Н.Эрхэмбаяр нарын зэрэг онцгой амжилт гаргасан тамирчин, тэдгээрийн дасгалжуулагч нарт болзлын дагуу нэг удаагийн Засгийн газрын мөнгөн шагналыг ийнхүү олгож байна.