АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалтын хүрээнд Индонезын Бали аралд уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, хоёр удирдагчийн хэлэлцээг 11 дүгээр 14-нд товлосон байна.
Удирдагчид АНУ, БНХАУ-ын хооронд холбоо харилцааны сувгуудыг хадгалах, өргөжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ.
Түүнчлэн хоёр орны өрсөлдөөнтэй холбоотой болон харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.
АНУ, БНХАУ-ын удирдагчид мөн дэлхийн хамтын нийгэмлэгт нөлөөлж буй олон улсын асуудлыг зохицуулах асуудлыг хөндөнө гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдээлсэн байна.
Үүний сацуу, уулзалтын үеэр Ж.Байден хэд хэдэн асуудлаар Вашингтон санаа зовж буйг илэрхийлнэ гэж нэрээ нууцлахыг хүссэн АНУ-ын засаг захиргааны албан ёсны төлөөлөгч мэдээлжээ. Эдгээр нь Тайвань, Хятадын эрх баригчдын хүний эрхийг зөрчиж буй явдал, Хятадын "эдийн засгийн хортой аргууд"-тай холбоотой асуудлууд аж.
Албаны хүний мэдээлснээр, удирдагчид Орос-Украины дайн зэрэг олон улсын асуудлуудыг мөн хэлэлцэнэ.