ОХУ-ын цэргүүд Херсоныг орхин гарснаар Украины арми давшилтаа үргэлжлүүлэх давуу тал бий боллоо


ОХУ-ын цэргүүд Херсоныг орхин гарснаар Украины арми давшилтаа үргэлжлүүлэх давуу тал бий боллоо

ОХУ цэргүүддээ Херсон хотыг орхин гарах тушаал өгснөөр Украины арми дайн эхэлснээс хойш ОХУ-ын мэдэлд ороод байсан анхны томоохон хотоо эргүүлэн авч байна.

Крымтэй хиллэдэг тус бүс нутагт Украины арми удаан хугацааны турш давшиж, хотод байгаа ОХУ-ын цэргүүдийн хангамжийг таслаад байсан юм. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу лхагва гарагт хийсэн цахим уулзалтын үеэр цэргүүддээ Днепр мөрний баруун эрэг дэх байрлалаа орхих тушаал өгчээ.

Харин сүүлийн үед дайны ихэнх үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцох болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дээрх уулзалтад оролцоогүй байна.

Энэхүү ухралт нь энэ зун Харьков хотыг алдсанаас хойш Кремлийн хүлээсэн томоохон ялагдал болжээ. Хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн ОХУ-ын эзлэн түрэмгийллийн үеэр тэдний мэдэлд орсон анхны том хот нь Херсон байсан юм. Тус хот нь эзлэн авсан бусад бүс нутгуудын хамтаар ОХУ-ын мэдэлд үүрд үлдэх болно гэж Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сард мэдэгдэж байсан юм.

"ОХУ-ын арми Херсонийг орхисон юм биш. Харин Украины хамгаалах хүчнийхэн тэднийг хотоос хөөн гаргасан" хэмээн Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Алексей Арестович мэдэгдсэн байна.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын арми Херсон хотыг орхин гарна гэдгийг өмнө нь мэдэж байсан гэжээ. Тэрбээр энэ үйл явдал нь ОХУ-ын армид бодит асуудал байгаа гэдгийг илтгэн харууллаа гэсэн байна. Мөн Жо Байден “ОХУ ухрах шийдвэрээ АНУ-ын завсрын сонгууль дууссаны дараа танилцуулсан нь сонирхол татаж байна” гэж онцолжээ.

Аравдугаар сарын 10-наас эхлэн Украины эрчим хүчний дэд бүтэц ОХУ-ын олон зуун пуужингийн болон дронын довтолгоонд өртөөд байна. Одоогоор тус улсын эрчим хүчний байгууламжуудын 40 орчим хувь нь сүйдээд байна гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.

Украин улс цаашид сөрөг довтолгоогоо үргэлжлүүлж, 2014 оноос хойш ОХУ-ын мэдэлд ороод байсан Крым болон зүүн Донбассын нутаг дэвсгэрийг эргүүлэн авахыг зорьж байгаа аж. Хэдий тийм боловч Херсон хотыг эргүүлэн авсан явдал нь цаашид ОХУ-ын өндөр хамгаалалт бүхий Крым рүү довтлоход давуу тал үүсгэхгүй гэж зарим мэргэжилтнүүд онцолж байна.