Засгийн газрын хуралдаанаас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн албан ёсоор зарласныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэв.
“Монгол зочлох жил”-тэй холбогдуулан Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахлан, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээг өргөжүүлж ажилласнаар жуулчдын тоог нэмж, 2023 онд 1 сая жуулчин хүлээн авах судалгааг хийж байна.
АЖҮХ нь аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн батлах, агаарын тээврийн либералчилал, цахим шилжилт, стандартчилал, олон улсад зарлах үйл ажиллагааны болон брэнд уриа үг коммуникацын гэсэн 6 дэд ажлын хэсэгтэй. Жуулчдын тоо нэмэх тодорхой судалгаа шинжилгээ хийхэд Монголын Аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын компаниуд идэвхтэй оролцож байгааг Б.Бат-Эрдэнэ дурдаад, жуулчдын тоо бага байгаа нь гадаад руу чиглэсэн маркетинг муу, нисэхийн либералчлал хийж, олон орны онцлогт тохирсон үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаатай холбоотойг тэмдэглэлээ.
Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, “Монгол Улс олон улсад нэгдсэн байдлаар өөрсдийгөө таниулсан сурталчилгаа ховор байсан. Үндэсний хорооны хурлаар Монгол Улсыг төлөөлөх гол салбар нь аялал жуулчлал гэж ярьсан. Монголд зочлох жил зарласантай холбоотой “Welcome to Mongolia” гэсэн дүр төрхийг гаргаж ирнэ. Ямар өнгө төрхтэй улс болохыг харуулахын тулд өв соёлоо түлхүү тусгаж, илүү ойлгомтжой байдлаар илэрхийлэхийг зорьсон. Олон улсад байхгүй соёлын өвдөө суурилсан түлхүүр элементээ сонгож авсан. ГХЯ, БОАЖЯ, Соёлын яамд хувийн хэвшил, мэргэжлийн холбоод хамтран ирэх 3 жилд нэгдсэн бодлогоор холбогдож, олон улсын хэвлэл мэдээлэлтэй хамтарч үйл ажиллагаагаа таниулна. Жуулчдад зориулсан нэдсэн хуанли гаргаж байгаа. Эдгээрийг Засгийн газраар батлуулснаар олон улсад өөрсдийгөө илүү сурталчлан таниулж, жуулчдын тоог нэмэх боломж үүснэ” хэмээв.