АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 11 дүгээр сарын 15-ны өдөр “маш том мэдэгдэл” хийнэ гэдгээ даваа гарагт мэдэгджээ.
“Миний бие 11 дүгээр сарын 15-ны өдөр Флорида муж улс дахь Мар-а-Лаго эдлэнгээсээ маш том мэдэгдэл хийнэ” гэж Д.Трамп Охайо муж улсад болсон сонгуулийн цуглааны үеэр хэлсэн байна.
Д.Трампын туслахууд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг эхлүүлэх тохиромжтой хугацааг 11 дүгээр сарын гурав дахь долоо хоног гэж харж байна хэмээн уг мэдээлэлд ойр эх сурвалжууд “CNN” телевизэд өмнө нь мэдээлээд байжээ.
Д.Трампыг 2020 онд Жо Байденд ялагдсан аль нэг муж улсаас ерөнхийлөгчийн сонгуулийн гурав дахь кампанит ажлаа эхлүүлэхийг ойрын туслахууд нь зөвлөсөн бол Бүгд найрамдах намын сонгогчдынх нь дунд нэр хүндтэй хэвээр байгаа Флоридаг сонгохыг бусад нь санал болгосон гэж нэгэн эх сурвалж мэдээлсэн байна.