АЗИЙН ПАРКИЙН ХОЛБОО “КОРОНАГИЙН ДАРААХ ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКУУДЫН ИРЭЭДҮЙ” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЖЭЭ

БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газар, Шинжлэх ухааны паркийн захиргаа болон Мэдээлэл технологийн үндэсний паркийн төлөөллүүд Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны 25 дугаар бага хуралд оролцлоо.   

Энэ удаагийн хурал “Коронагийн дараах Шинжлэх ухааны паркуудын ирээдүй (The Future of Science Parks in the Post-Corona Era)” сэдвийн хүрээнд зохион байгуулагдав. Азийн шинжлэх ухааны парк (ASPA)-ын гишүүд, дотоод, гадаадын шинжлэх ухааны цогцолбор, судалгааны хүрээлэн, компани, их, дээд сургууль, шинжлэх ухаан, технологитой холбоотой боловсролын байгууллагуудаас бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцсон байна. Хурлаар дараах сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:

  • Байгаль орчин ба Шинжлэх ухааны парк/Environment and Science Parks
  • Шинжлэх ухааны паркийн нийгмийн хариуцлага/Social Responsibility of Science Parks
  • Шинжлэх ухааны паркийн ажиллах орчны өөрчлөлт/Changes in Working Environment of Science Parks
  • Коронагийн дараах шинэ технологиуд/New Technologies Related to Post-Corona.

БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох “Ковид-19-ийн дараах шинэ технологиуд” хэсгийн чиглүүлэгчээр оролцов.

Энэ үеэр БШУЯ-ны Шинжлэх ухааны паркийн захиргааны Гүйцэтгэх захирал Б.Амарсанаа Азийн шинжлэх ухааны паркуудын холбооны шинэ гишүүний гэрчилгээг албан ёсоор хүлээн авлаа. Мөн ASPA Awards-2022 шагналд Мэдээлэл, технологийн үндэсний паркийн “Марчаахай” баг хамт олон шилдгээр шалгаран “Excellence Award”-ийн эзэн боллоо.

Эх сурвалж: БШУЯ