Илон Маск “Twitter”-ийн ажилчдын тал хувийг цомхотгохоор төлөвлөж байна


“Twitter”-ийн шинэ эзэн Илон Маск тус компанийн нийт ажилчдын тал орчим хувийг халахаар төлөвлөж байна гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. 

Эх сурвалжуудын мэдээлснээр, “Twitter”-ийн 7500 ажилтны 3700 орчим нь цомхотголд өртөх юм байна. Түүнчлэн үлдсэн ажилчдыг алсын зайнаас ажиллахыг хориглох аж. Ийм арга хэмжээ нь зардлыг бууруулах зорилготой гэж эх сурвалжууд үзэж байна. 

Дээрх мэдээлэлд тайлбар өгөх хүсэлтэд “Twitter” хараахан хариу өгөөгүй байгааг “Bloomberg” тэмдэглэжээ. 

Ижил нэртэй олон нийтийн сүлжээг эзэмшигч “Twitter” компанийг худалдан авах хэлцээг И.Маск 10 дугаар сарын 27-нд хаажээ. Шинэ эзэмшигч хэрэглэгчдийн хаягийг бүрмөсөн хаах практикийг халах төлөвтэй байна. “Twitter”-ийн модераторын асуудлыг судлах тусгай зөвлөл байгуулж байгаагаа И.Маск мэдэгдсэн. Тэрээр "нийгмийн сүлжээний контентыг зохицуулах зөвлөлд янз бүрийн үзэл бодлын төлөөлөгчид орно" гэж тэмдэглээд, үүнд хүний эрхийн байгууллагууд болон "үзэн ядалтаас үүдэлтэй хүчирхийлэлд өртөж буй" цөөнхийн төлөөлөгчид орно гэж нэмж хэлсэн байна.