Японы засгийн газраас “Инженер технологийн дээд боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлсэн ШУТИС Механик Тээврийн сургуулийн Лабораториудын нээлт болжээ

10-р сарын 26-нд, “Инженер технологийн дээд боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлсэн ШУТИС Механик Тээврийн сургуулийн Лабораториудын нээлт  боллоо. Нээлтэд Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Япон улсын элчин сайд Кобаяши нарын хүндэт зочид оролцжээ.

 Инженер технологийн дээд боловсрол төсөл нь 2014 оноос эхлэн, аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах замаар их дээд сургууль төгсөгчдийн мэдлэг чадвар болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагын зөрүүг багасгах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн Иений хөнгөлөлттэй зээлийн төсөл юм.  
 Төслөөр, Инженерийн технологийн дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, Япон улсын Коосэн болон  Технологийн салбарын их дээд сургуульд суралцуулах, хоёр улсын их дээд сургуулиудын Хамтарсан судалгаанд  дэмжлэг үзүүлж байна.
 Нээлтээ хийсэн тус лаборатори нь Монгол орны байгалийн баялгийг түүхийгээр нь биш, боловсруулан экспортод гаргах судалгааг хийх лаборатори бөгөөд аж үйлдвэрийг хөгжүүлэхэд шаардлагатай төрөл бүрийн материалыг боловсруулах боломжтой. Цаашид Монгол улс үйлдвэрлэлээ төрөлжүүлэхэд нэн шаардлагатай CNC токарийн машин лаборатори, Монголд судалгааны шинэ салбар болох Биомеханик лаборатори, Робот, хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлтийн лаборатори зэрэг шилдэг залуу  инженерүүдийг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой лаброториуд нээгдэж байгаа юм.
 Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 30 мянган инженер шаардлагатай гэсэн тоо баримт байгаа бөгөөд энэхүү лабораториуд хэрэгжүүлэлтийн чухал суурь болох төлөвтэй байна.
 Шинээр байгуулагдсан лабораторийн тоног төхөөрөмжийн зохистой хадгалалт, ашиглалтыг хангаснаар хамтарсан судалгааны чанарыг ахиулах төдийгүй,  Монгол, Японы  судлаачдын хамтын ажиллагаагаар дамжуулан 2 улсын дипломат харилцааг гүнзгийрүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна. Эцсийн үр дүн нь Монгол улсын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цаашлаад эдийн засгийн хөгжилд хөтлөнө гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: JICAMongolia