Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ыг Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг зогсоохыг оролдож байна гэж буруутгаад, тээвэрлэлтийг урт хугацаагаар хамгаалан зохицуулахыг уриалжээ.
ОХУ Украины хөдөө аж ахуйн экспортыг хөнгөвчлөх гэрээнд оролцохоо тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм. НҮБ, Туркийн зуучилсан тус гэрээнд Украин, Оросын талууд долоодугаар сард гарын үсэг зурсан юм.
Мягмар гарагт В.Зеленский дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдэл хийхдээ, “үр тарианы коридор”-ыг найдвартайгаар урт хугацаанд хамгаалах хэрэгтэй байгааг онцлоод, дэлхийн хүнсний хангамжийг тогтвортой байлгахын ач холбогдлыг цохон тэмдэглэжээ.
Одоогоор НҮБ, Турк Украинаас Оросын оролцоогүйгээр хүнс тээвэрлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Москвагийн бямба гаргийн мэдэгдлийг үл харгалзан даваа, мягмар гарагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан тээврийн хөлөг онгоцнууд Украины зүүн хэсгээс хөдөлсөн гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Оросын талын хувьд гэрээнд оролцохгүй тохиолдолд Украины экспортыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд, Украин коридорыг цэргийн зорилгоор ашиглахгүй гэсэн баталгаа өгсөн тохиолдолд гэрээнд оролцохоо зогсоох шийдвэрээ эргэн харна гэж мэдэгдсэн байна. Дайн эхлэхээс өмнө Украин дэлхийн зах зээлийн томоохон үр тариа нийлүүлэгч байжээ.