Аравдугаар сарын 20-ны байдлаар зудын эрсдэл нийт нутгийн 25 хувьд их, 35 хувьд нь дунд зэрэг байгаа бол 20 шахам хувьд бага, 20 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй байна.
Түүнчлэн, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгийн зарим нутаг зудын эрсдэл их зэрэглэлд багтсаныг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалт, хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулсан зудын эрсдэлийн зураглалд тэмдэглэжээ.
Энэ жил гандуу, гантай байсан баруун ба говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац хэд дахин хэтэрсэнээс мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байна. Хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа нь нэгжийн ургац бага, малын тоо ихтэй зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.