Сөүлийн цагдаагийн газар орон нутгийн цагаар 18:34 цагт буюу осол болохоос хэдэн цагийн өмнө яаралтай тусламжийн анхны дуудлагыг хүлээн авсан байна. Итэвонд болсон тус ослын улмаас 156 хүн амиа алдаж, 152 хүн гэмтэж бэртсэн юм.
Өмнөд Солонгосын яаралтай тусламжийн 112 дугаарт дуудлага өгсөн хүн Итэвоны гудамж аюултай хэмжээнд хүртлээ дүүрэн хүнтэй болчихлоо гэсэн дуудлага өгчээ. Тэрээр "Энэ гудамж хэтэрхий аюултай болчихлоо. Хүмүүс нааш цааш яваад, доош бууж чадахгүй байгаа учраас дээш өгсөөд байна. Бие биеэ дарахаар байна. Би арайхийж гарч ирлээ. Хэтэрхий олон хүнтэй байна. Та бүхнийг байдлыг хяналтандаа аваасай гэж бодож байна" гэж хэлсэн байна.
Цагдаагаас хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагдсан, бие биеэ дарах хэмжээний ноцтой осол гарч болзошгүй байна гэж үү хэмээн дуудлага өгсөн хүнээс асуухад "Тийм ээ, нөхцөл байдал үнэхээр түгшүүртэй байна" хэмээн хариулжээ. Дараагийн гурван цагийн турш цагдаагийн байгууллагад 10 орчим дуудлага ирсэн байна.
Өмнөд Солонгосын цагдаагийн газрын даргаИтэвонд болсон явдалд цагдаагийнхан хангалтгүй ажилласан хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Ийм маягаар хууль сахиулагчид анх удаа ослоос урьдчилан сэргийлж чадаагүйгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Үндэсний цагдаагийн газрын комиссар Юн Хи Гин уг хэрэг явдалтай холбогдуулан "олон нийтийн аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээнэ" гэж мэдэгдээд, шалгалт явуулахаа амлажээ.
Дотоод хэргийн сайд Ли Санг Мин иргэдээсээ уучлалт гуйсан байна. Тэрээр “Хүү, охин хоёртой аавын хувьд маш их харамсаж байна... Үгээр илэрхийлэхэд бэрх, нөхцөл байдал хүнд, хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна" гэжээ.
Эх сурвалж: ВВС