Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ой тохиож байна

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу UNESCO-д элссэний 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. 


1962 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр манай улс ЮНЕСКО-ийн 108 дахь гишүүн улс болж, БНМАУ-ын Засгийн газраас олгосон бүрэн эрхийн дагуу Гадаад явдлын яамны Олон улсын байгууллагын газрын дарга П.Цэрэнцоодол Лондон хотноо ЮНЕСКО-ийн Дүрэмд гарын үсэг зуржээ.


ЮНЕСКО-ийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг бол улс үндэстнийг том жижиг, нийгмийн байгууллаар нь, хүн ардыг арьс өнгө, эрэгтэй, эмэгтэй, хэл, шашин шүтлэг, гарал үүслээр нь ялгаварлахгүйгээр бүх нийтэд адил тэгш хандах явдал байдаг. Монгол Улс ЮНЕСКО-ийн гишүүн болсон цагаасаа хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөөх ЮНЕСКО-оос  дэвшүүлж ирсэн үзэл санаа, санал санаачилгыг төрийн бодлого, зорилтууддаа тусган хэрэгжүүлж буй бөгөөд ЮНЕСКО манай улстай нягт ойр хамтран ажиллаж, орчин цагийн шинжлэх ухааны мэдлэг, эрдэм боловсрол түгээх, үндэсний соёл, урлаг, түүх соёлын өв болон байгаль орчныг хамгаалах, техник, технологийн дэвшилт ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангахыг уриалах зэргээр манай улсын нийгмийн хөгжил дэвшлийг үргэлж дэмжиж ирсэн юм.


Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал хатагтай Одри Азулей энэ оны 7 дугаар сард Монгол Улсад айлчилж, Монгол Улс, ЮНЕСКО хоорондын 2022-2029 оны хүртэлх хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. Мөн Монголын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолтыг ЮНЕСКО-ийн Төв байрны их танхимд толилуулж, ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн сэтгүүлд манай улсын ЮНЕСКО-д бүртгэгдсэн өвүүдийн сурталчилгааг гаргасан зэрэг олон ажлууд хийгдэж байна.


ЮНЕСКО-Монгол Улсын хамтын ажиллагаа

1962 оны 11 дүгээр сарын 1-нд Монгол Улс ЮНЕСКО-ийн дүрэмд Лондон хотноо гарын үсэг зурснаар ЮНЕСКО-ийн 108 дахь бүрэн эрхт гишүүнээр элсэв. Монгол улс, ЮНЕСКО-ийн гишүүн болсон цагаасаа эхлэн түүний Дүрмийн заалтад нийцүүлэн, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө ЮНЕСКО-оос  дэвшүүлж ирсэн үзэл санаа, санал санаачилгыг дэмжин төрийн бодлого чиглэлдээ тусган хэрэгжүүлж  ирэв.


1962 оны 11 дүгээр сарын 9-нөөс 12 дугаар сарын 12-нд хуралдсан ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын ээлжит XII чуулганд Соёлын яамны коллегийн гишүүн, Урлаг судлалын газрын дарга Э.Оюун тэргүүтэй төлөөлөгчид анх удаа оролцжээ. Үүнээс хойш манай төлөөлөгчид ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын чуулган болон бусад олон улсын хурал, бүсийн чуулганд оролцож, олон арван тогтоол, шийдвэр, зөвлөмжийн төслийг хэлэлцүүлэн батлуулах, хурал чуулганы баримт бичигт тусгуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн нь бусад гишүүн орнуудын талархлыг зүй ёсоор хүлээж байна. 


1963 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 77 дугаар тогтоолоор ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссыг Гадаад явдлын яамны дэргэд байгуулж, анхны даргаар нь Соёлын яамны коллегийн гишүүн, Урлаг судлалын газрын дарга Э.Оюун, Ерөнхий нарийн бичгийн даргаар Гадаад явдлын яамны Олон улсын байгууллагын газрын дарга П.Цэрэнцоодол нарыг томилж байв.


1964 онд Бангкок дахь төлөөлөгчийн газрын захирал тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж, Монголын боловсролын тогтолцоотой танилцаад 1965 онд “БНМАУ-ын Гэгээрлийн ажлын байдал”  товхимлыг англи хэлээр хэвлэн гаргаж байжээ.

2002 оны 1 дүгээр сараас ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар нь Зүүн Ази буюу Монгол, БНАСАУ, БНСУ, Хятад, Япон улсыг хамааран ажиллах болов. 


1996 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат ЮНЕСКО-ийн Төв байранд албан ёсоор зочилж, Ерөнхий захирал Федерико Майортай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Энэ үеэр хоёр талын хамтын ажиллагааны ойрын ирээдүй, чиглэлийг тодорхойлсон Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-ийн хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зуржээ.


1983-1987, 2007-2011 онд Монгол Улс ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан юм. Үүнээс гадна Монгол Улс Ерөнхий бага хурлын чуулган, комисс, бүсийн бага хурлын орлогч даргаар удаа дараа сонгогдон, дэлхий дахинд нийтлэг ач холбогдол бүхий шийдвэрүүд гаргахад оролцож байв.


Монгол Улс ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа ЮНЕСКО-ийн хөтөлбөр төслийг боловсруулах, ялангуяа “Бичигтэн болох НҮБ-ын 10 жил”-ийн үйл ажиллагааг  эрчимжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан юм.


2011 онд болсон ээлжит 36 дугаар чуулганаар Монгол Улс Олон улсын ус зүйн хөтөлбөр болон Бүх нийтийн мэдээллийн хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлд тус тус дөрвөн жилийн хугацаатайгаар гишүүнээр сонгогдон ажиллав.


2013 онд “Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэмжих” тухай тогтоолын төсөл боловсруулан ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 37 дугаар чуулганд оруулан батлуулж, улмаар Боловсролын олон улсын хорооны гишүүнээр 2013 онд сонгогдож 2017 оны 39 дүгээр ээлжит чуулган хүртэл ажиллав.


2013 онд Соёлын үнэт зүйлийг уугуул улсуудад нь буцаах эсвэл хууль бусаар эзэмшсэн тохиолдолд эгүүлэн олгохыг дэмжих ЮНЕСКО-ийн Засгийн газар хоорондын хорооны гишүүнээр 2 дахь удаагаа сонгогдон 2017 он хүртэл ажиллав. 


2014 онд хуралдсан Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцод нэгдэн орсон гишүүн орнуудын ээлжит чуулганаар ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын гишүүнээр сонгогдож 2018 оныг дуустал ажиллав. 


2013-2017 онд Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (IPDC)-ийн Засгийн газар хоорондын зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа тус хөтөлбөрийн Товчооны дэд даргаар 2016-2018 онд ажиллав. 


2019-2023 онд Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 


2019-2021 онд Монгол улс ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан юм.


ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс

Монгол улс, ЮНЕСКО-ийн үзэл санаа, уриа дуудлагыг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжүүлэхэд үндэсний байгууллагуудыг өргөнөөр оролцуулах, ЮНЕСКО-Монголын хамтын ажиллагааг төлөвлөн чиглүүлэх, уялдуулан зохицуулах үүргийг гүйцэтгэх зорилго бүхий ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссыг 1963 оны гуравдугаар сард  ЮНЕСКО-ийн Дүрмийн заалтын VII зүйлд нийцүүлэн Засгийн газар болон холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулж, дүрмийг нь баталсан.


ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх түүний үзэл санааг дэлгэрүүлэхэд ямагт уриалан санаачлагч, хэрэгжүүлэгч, холбогч, зохицуулагч байж холбогдох асуудлаар Засгийн газартаа зөвлөж, төрийн бодлого чиглэлд ЮНЕСКО-оос дэвшүүлэн тавьж буй дэлхийн нийтлэг зорилтуудыг тусгах талаар өөрийн чиг үүргийг зохих ёсоор гүйцэтгэн ажиллаж байна.


Байнгын төлөөлөгчийн газар

Монгол Улс Бүгд Найрамдах Франц Улстай дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын яамаа Парис хотноо нээн ажиллуулахаар болсон нь Монгол-ЮНЕСКО-ийн харилцаа хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх эхлэлийг тавьсан юм. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд ЮНЕСКО-ийн дэргэд суух Байнгын төлөөлөгчийн үүргийг 1969 оноос хавсран гүйцэтгэх ирлээ. 


Байнгын төлөөлөгчийн газар ЮНЕСКО-ийн  Нарийн бичгийн дарга нарын газартай өдөр тутам харилцаж, хамтын ажиллагааны асуудлуудыг урагшлуулахаас гадна ЮНЕСКО-ийн баримт бичиг, төсөв, хөтөлбөр боловсруулах ажилд Монгол Улсаа төлөөлөн оролцож байдаг юм.


Өдгөө Монгол Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайдаар У.Нямхүү ажиллаж байна.


ЮНЕСКО-Д БҮРТГЭЛТЭЙ МОНГОЛ ӨВҮҮД

Дэлхийн өв

Монгол Улс Дэлхийн өвийн конвенцод 1990 онд нэгдэн орсон цагаас хойш нийт 5 өвийг бүртгүүлжээ. 

2003 он. Увс нуурын ай сав газар

2004 он. Орхоны хөндийн соёлын дурсгалт газар 

2011 он. Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор

2015 он. Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг 

2017 он. Дагуурын ландшафт өвийг тус тус Дэлхийн өвд бүртгүүлжээ.


Соёлын өв 

2008 он. ЮНЕСКО 2003 онд Монголын уламжлалт Морин хуур хөгжмийн урлагийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэв.

2008 он. Монгол ардын уртын дууг Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэв.

2009 он. Монгол ардын бүжиг-Бий биелгээг Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэв.ОНГОЛЫН БАЯР 

2009 он. Монгол тууль нь Монголын Соёлын биет бус ховор болон үнэлж баршгүй өвийн ангилалд багтдаг бөгөөд Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдэв.

2009 он. Цуур хөгжмийн уламжлалт урлаг нь Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдэв.

2010 он. Монголын уламжлалт баяр наадам Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн. 

2010 он. Бүргэдийн баяр буюу шувуучлахуйн уламжлалт зан үйлийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэв.

2010 он. Хөөмэйн уламжлалт урлаг нь Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдэв.

2011 он. Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга-битүү амьсгааг Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэв.

2013 он. Ингэнд ботго авахуулах зан үйл нь Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдэв.

2013 он. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл нь Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдэв.

2013 он. Монгол уран бичлэг нь Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдэв.

2015 он. Шагайн харвааг Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэв. 

2017 он. Уул овоо тахих Монгол зан үйлийг Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэв.

2019 он. Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйлийг Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэв.


Баримтат өв

Монгол Шунхан Данжуур: 2011 онд Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны /ОУЗХ/ хурлаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Монгол Шунхан Данжуурын 226 боть номыг тус хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгэв.

Лу.Алтан товч: Дэлхий дахины монголч эрдэмтдийн дунд “Лу.Алтан товч” хэмээн алдаршсан 1651 онд зохиогдсон монголын эрдэмтэн гүүш Лувсанданзаны Чингис хаанаас Лигдэн хаан хүртэлх үеийг хамран өгүүлсэн "Эртний хаадын үндэслэсэн төрт ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч оршвой" хэмээх шастирыг ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийн жагсаалтад 2010 онд, тус хөтөлбөрийн олон улсын жагсаалтад 2011 онд тус тус бүртгэв.

Есөн эрдэнийн Ганжуур судар: 2013 онд ЮНЕСКО-ийн Олон улсын зөвлөлдөх хорооны хурлын шийдвэрээр ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгэв. Буддын шашны дээдийн дээд ном гэгддэг 1819 онд бүтээгдсэн Есөн эрдэнийн Ганжуур судар нь 110 боть бүхий их хөлгөн судар бөгөөд алт, мөнгө, шүр, сувд, номин, оюугаас гадна зэс, ган,  таныг нарийн жороор боловсруулж, тусгай арга технологийн дагуу бүтээсэн хар цаасыг 4-9 давхарлан нааж, эрдэнүүдээ тодорхой дэс дараалалтайгаар эгнээ эгнээгээр нь бичсэн юм.

Сахиусан Дара эх судар: 2014 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн ээлжит хурлаар гишүүн орнуудаас дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж 16 өвийг шинээр бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Сахиусан Дара эх” өв багтав. “Сахиусан Дара эх” бүтээл нь 20-р зууны эхэн үед эрдэмтэн С.Шагж (1886-1938)-ийн бүтээсэн Ногоон, Цагаан Дара эхийн төвд бичмэл судар бөгөөд уг дурсгалын хэмжээ нь 4.9х5.4 см, буичвэрийн хүрээ 4.5х5 см, зузаан 0.08мм, жин 0.2 гр юм.


Мэргэд гарахын орон: 2016 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн Ерөнхий бага хурлаар нийт 14 баримтат өвийг бүртгэсний нэг нь тус хөтөлбөрийн Монголын үндэсний хорооноос нэр дэвшүүлсэн Мэргэд гарахын орон нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар юм.

Данжуурын гэрэлт хөшөө: Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй Данжуурын гэрэлт хөшөөг ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн Олон улсын жагсаалтад 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэв. Энэхүү гэрэлт хөшөө нь Баримтат өвийн жагсаалтад 2011 онд бүртгэгдсэн Монгол Шунхан Данжуурын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан 27 жил урлан бүтээсэн 248 см өндөртэй хөшөө юм. 


Шим мандлын нөөц газар

Их говийн дархан цаазат газар 

Монгол оронд төдийгүй  дэлхийд ховорт тооцогдох говийн мазаалай нэрт баавгай, хавтгай тэмээ, хулан адуу, аргаль хонь, янгир ямаа зэрэг хөхтөн болоод жороо тоодог, гангар хун, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших 5.3 сая га талбай бүхий Их говийн дархан цаазат газрыг 1991 онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэв.


Богд Хан уул

ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд 1997 онд бүртгэгдэв. Богд Хан уул бол XII зууны үеэс дархлан хамгаалсан ариун шүтлэгтэй, Монголын хамгийн анхны дархан цаазат газар юм. Тус газарт байдаг Хүннү гүрний үеийн 3000 жилийн тэртээ зурсан сүг зураг, эртний чулуун зэвсгийн үеийн хүний отоглож байсан буйр зэрэг нь тус уул эртний хүмүүсийн орогнох орон, шүтэх шүтээн болж байсныг гэрчилдэг.


Увс нуурын ай сав газар 

1997 онд ЮНЕСKО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдэв.  Энэхүү газар нь 424298 га талбай эзлэн оршдог бөгөөд 22 метр гүн, Тэс, Туруун, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Торхилог зэрэг голуудын усыг хуримтлуулдаг.


Хустайн нурууны шим мандлын нөөц газар 

2002 онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдэв. Тус газар  2002 оноос эхлэн дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адуу болох тахийг нутагшуулж, өсгөж үржүүлж байгаа бөгөөд тахийн дасан зохицолт, биологи, экологи, зан араншинг судлахаас гадна гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиудтай хамтран экосистемийн өргөн хүрээтэй судалгааг хийдэг юм. Мөн Хустайн нурууны шим мандлын нөөц газарт Хүннүгийн үед хамаарах дөрвөлжин булшнаас гадна хиргэсүүр, хөшөө чулуунууд, буган чулуу, хадны сүг зураг, суварганы туурь зэрэг түүх соёлын дурсгалт зүйл олон байдаг. 


Дорнод Монголын шим мандлын нөөц газар

Дорнод Монголын харьцангуй унаган төрхөөрөө хадгалан үлдсэн хялганат хуурай хээрийн ландшафт болон цагаан зээрийн нутгийг хамгаалах зорилгоор 1992 онд тус газрыг Монгол улсын дархан цаазат газар болгосон. Дорнод Монголыг 2002 онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэв.


Монгол Дагуурын шим мандлын нөөц газар

Дагуурын хээр тал, ус намгархаг газар хосолсон экосистемийг бүрдүүлдэг ба тус газрын А хэсэгт бэсрэг уулсын орой болон арыг дагасан бага хэмжээний хусан ой, улиангаран төгөл, холимог ой, хусан ойн төгөл, сөөгөн ширэнгэ, Улз голоо эмжсэн бургасан шугуй, Б хэсэгт цэнгэг болон давстай жижиг нуурууд, уулын бөгөөд хээрийн ургамалшил зонхилдог. Монгол Дагуур нь 2007 онд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдэв.


Тосон Хулстайн байгалийн нөөц газар 

2020 онд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 32-р хуралдаанаар Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулав.


Тосон Хулстайн шим мандлын нөөц газар нь Монгол орны зүүн хойд хэсэгт оршдог бөгөөд цагаан зээр олноор амьдардаг тул энэхүү нутаг дэвсгэрийн экосистемийг хадгалан хамгаалах, цагаан зээрийн тоо толгойг нь нэмэгдүүлэх, тэдгээрийн өсөн үржих таатай нөхцөлийг бий болгох зорилгоор 1998 онд тус газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.


Увс нуурын хотгор

Увс нуурын хотгорыг ОХУ-тай хамтран 2021 онд ЮНЕСКО-ийн Хил дамнасан шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэв. 


Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар

Тус газрыг 2022 оны 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн хуралдаанаар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажууллаа.  Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар нь Монгол орны цэвэр усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн 1 хувийг дангаараа эзэлдэг байгалийн хосгүй үзэсгэлэнт нутаг юм. 


Эх сурвалж: ЮНЕСКО-ийн Байнгын төлөөлөгчийн газар

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс