С.Баярцогт: Хүний эрх, хууль засагладаг тогтолцооны төлөө ажиллана

С.Баярцогт "Надад 2016 оноос хойш Оюутолгойн гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгасан. Зөвхөн Монголд ч биш энэ хэргийг тодорхой улстөрчдийн оролцоотойгоор олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарын холбооны улсад хэрэг үүсгэсэн байсан. Энэ асуудлыг зургаан жилийн хугацаанд Монголд шалгасан.

Швейцарын холбооны улс эрхзүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд олон улсын хууль, хүчний байгууллагатай хамтарч хэргийг шалгасан байна. Ингээд 2022 оны зургадугаар сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн прокурорын газраас надад тулгаж үүсгэсэн байсан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Швейцарын холбооны улсаас үүсгэсэн байсан авилга авсан, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн тухай улсын прокурорын тогтоолыг өмгөөлөгчөөр дамжуулан энэ оны наймдугаар сарын 24-нд надад ирүүлсэн.

Би хаагдсан хэргийнхээ материалд үүнийг нэмж прокурорт хүргүүлье гэж бодож байсан. Гэтэл сүүлийн үед зохион байгуулалттайгаар энэ хэргийн талаар мэдээлэл цацагдаж эхэлсэн тул өнөөдөр зориуд хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан нийслэлийн прокурорт гардуулж өгч байна.

Анх 2016 онд Оюутолгойн гэрээг нөгөө талд ашигтайгаар хийж, мөнгө угааж, авилга авсан байж болзошгүй гэж хэрэг үүсгэсэн. 2018 оноос эхлээд тодорхой хугацаанд цагдан хорьсон, анхан шатны шүүхээр, нийслэлийн давж заалдах, дээд шүүхийн хурлаар орсон. Дахин мөрдөн байцаалтад буцаагдсан. Тухайн үед шүүх нотолж чадахгүй бол цагаатгадаг шүүхийн тогтолцоогүй байсан учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Бүтэн жилийн турш мөрдөн байцаалт хийгээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Монголчууд "Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ" гэдэг. Үнэн, мөн нь, гэм буруугүй нь зөвхөн нэг улсын биш дөрвөн улсын хууль хүчний байгууллагын оролцоотойгоор нотлогдож цагаатсан шийдвэр гарсан.

Би 500 гаруй хоногт шоронд суусан. Энэ хугацаанд өмнө нь би улстөрд 30 гаруй жил зүтгэхдээ нийгмийн асуудал, Үндсэн хууль, мөн Сангийн сайд байсны хувьд эдийн засаг, бодлогын асуудалд анхаардаг байжээ. Гэтэл бид Үндсэн хуулийнхаа нэг салбар тогтолцоог төгс, төгөлдөр болгож чадаагүй, хууль засагладаг хэлбэрт оруулж чадаагүй, хүн засагладаг хараат байсан юм байна гэдгийг бодсон. Тийм учраас би хүний эрх, хууль засагладаг төрийн тогтолцооны төлөө ажиллахыг зорьж байна.

Хүмүүс надаас байнга "Та хэлмэгдсэн юм уу" гэж асуудаг. Монголын эдийн засгийг авч явж байгаа хэдхэн төслийн нэг нь Оюутолгой. Гадаадын, гуравдагч орны хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засагт маш их хэмжээний ам.доллар оруулж ирэхээс гадна, шинэ технологи, туршлага, компанийн соёл нэвтрүүлж Монгол Улсын Тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулж байдгийг хүн бүр ойлгож байгаа болов уу.

Тийм учраас энэ гэрээг хийсэн, энэ гэрээнд гарын үсэг зурсан учраас улстөрийн дайралт ирж байсан. Үүнийг ойлгуулж, давж гарч чадна гэдэгтээ итгэлтэй байлаа. Цаг хугацаа бүх зүйлийн шалгуур. XX зууны түүхэнд Монголын төлөө зүтгэсэн улстөрч болгон хувь хүнийхээ хувь заяаны хувьд үргэлж хэлмэгдэж байсан. Хувь хүн хэлмэгдэж болно, Монголын хувь заяа төөрч болохгүй. Тиймээс би хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх, хэн нэгнийг буруутгах хүсэлгүй байна. Үнэнийг олж тогтоогоод, бид цаашид нэгдээд явах ёстой.

Мөн тэрбээр шалгагдан хаагдсан хэргүүдээ Нийслэлийн прокурорт хүлээлгэн өгөв.