"Ай Ти Эм Монголиа-2022” үзэсгэлэн “Шинэ сэргэлт-Аялал жуулчлал” уриан дор нээгджээ

 Аялал жуулчлалын "Ай Ти Эм Монголиа-2022” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. “Мишээл Экспо”-д гурван өдөр үргэлжлэх аялал жуулчлалын ээлжит үзэсгэлэн энэ жил “Шинэ сэргэлт-Аялал жуулчлал” уриан дор болж байна.



Үзэсгэлэнг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нээж хэлэхдээ, Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлээд буйг тодотгож. Ковид цар тахлын дараах амаргүй цаг үед эдийн засгаа богино хугацаанд сэргээх чиглэлд дэлхийн улс орон бүр шинэ стратеги, бодлогоор аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд анхаарч байгааг дурдав. Мөн ирэх 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж, шат дараатай ажлыг хэрэгжүүлж эхлээд байна гэв.


Засгийн газрын энэ оны 371 дугаар тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд тэргүүлж ажиллахаар шийдвэрлэсэн. Тус хороо өчигдөр анхдугаар хурлаа хийж, аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилт, хөгжлийн стратеги төлөвлөгөөний талаар ярилцсан юм. Тухайлбал, Аялал жуулчлалыг зөвхөн “жуулчлах” гэдэг агуулгаас хальж эдийн засгийн үр өгөөж бий болгох, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд өсгөх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх боломж болгох өргөн агуулгаар хөгжүүлэх зорилт бид тавьж байгаагаа мэдэгдсэн юм.


Тиймээс тулд төр, хувийн хэвшил нэгдсэн бодлогын дор хамтран ажиллах шаардлагатай байгаа сайд Б.Бат-Эрдэнэ тэмдэглэлээ.


Мөн тэрбээр, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тээвэр логистик, агаарын тээврийг либералчлах нь чухал үүрэгтэй байгааг онцлов. Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд:

  • улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байх,
  • үндэсний өв соёл, онцлогийг харуулсан аялал жуулчлалын эвентүүд, эдгээрийг багтаасан жилийн төлөвлөлттэй болох,
  • дэлхийн аль ч улсын жуулчид Монголд саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандарттай байх,
  • эцэст нь тогтвортой аялал жуулчлал хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх шаардлагатай байна.

Аялал жуулчлалын үзэсгэлэнд 21 аймгийн аялал жуулчлалын маршруттай танилцаж, ирэх онд дотоодод болон хил орчмын бүс нутгуудад аялах аяллын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, боломжийг танилцуулж байна.


23 дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн албан ёсны түншээр Булган аймаг, дэмжигч байгууллагаар БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран ажиллаж байна. 




Засгийн газраас ирэх онуудыг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын ААН, байгууллагуудын бизнес, үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэ оны үзэсгэлэнгийн хүрээнд гадаад улс орны аялал жуулчлалын байгууллагуудтай хамтарсан B2B буюу нүүр тулсан уулзалтуудыг зохион байгуулах юм.

Тухайлбал, Турк болон ОХУ-ын Буриад улсын аялал жуулчлалын байгууллагуудтай хийх уулзалтыг товложээ.