Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Нийслэлийн бүс нутгийн захиргаа, Канберра дахь дипломат корпустай хамтран зохион байгуулсан “Windows to the World” Элчин сайдын яамдын нээлттэй хаалганы өдөрлөгт 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр оролцож, өөрийн орны түүх, ёс заншил, өв уламжлал, соёл урлагаа сурталчлан танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
ЭСЯ-нд зохион байгуулсан уг арга хэмжээнд 400 гаруй хүн хүрэлцэн ирж, монгол гэрээр зочлон, Монголын тухай богино хэмжээний баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж, морин хуур, хөөмий, монгол бүжгийн тоглолтыг таалан соёрхож, шагайн харвааг сонирхов. Мөн хүрэлцэн ирсэн зочдод үндэсний хувцас, хоол, идээ ундааг сурталчлан танилцууллаа.