Шатрын Ази тивийн АШТ-д Монголын зургаан шатарчин оролцож байна

Энэтхэгийн нийслэл Дели хотноо 2022 оны 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд энэ оны шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах  эрэгтэйчүүдийн 18, эмэгтэйчүүдийн 24 дэх тэмцээн зохион байгуулж байна.

Энэ жилийн тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд 92, эмэгтэй ангилалд 50 нийт 142 шилдэг шатарчид оролцож байна. Тухайлбал, Их мастер-31,

Олон улсын мастер-46, Эмэгтэй их мастер-14 Эмэгтэй олон улсын мастер-17 шатарчин энэ тэмцээнд оюун ухаанаа уралдуулж байгаа аж. 

Чанар чансаа өндөртэй энэхүү тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн Ц.Батчулуун /Их мастер/, С.Билгүүн /Их мастер/, Г.Амартүвшин /Олон улсын мастер/, Д.Номин-Эрдэнэ /Олон улсын мастер/ А.Энхтуул /Эмэгтэй их мастер/, Д.Мөнхзул /Дэлхийн шатрын холбооны мастер/ нарын 6 шатарчин өрсөлдөж байна. 

Манай тамирчдын амжилтын түүхийг сөхөж үзвэл 2017 онд Их мастер Ц.Батчулуун шагналт V байр эзэлж, 2019 онд Эмэгтэй их мастер Т.Мөнхзул Тивийн аваргын хүрэл медалийг хүртсэн нь одоогийн байдлаар монгол шатарчдын үзүүлсэн томоохон амжилт юм. Тус тэмцээний хоёрдугаар өргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.