Монгол Улс, Япон Улсын Гадаад харилцааны яамд хоорондын Стратегийн IV зөвлөлдөх уулзалт энэ сарын 27-ны өдөр Токио хотноо амжилттай болов.
Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, японы талаас Гадаад хэргийн дэд сайд Ш.Ямада нар ахалж оролцов.
Талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ойрын болон дунд хугацааны зорилтуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын яриа, хэлэлцээний механизмууд амжилттай хэрэгжиж, хамтын ажиллагаа өргөжиж буйг талууд тэмдэглэв.
Мөн энэ онд тохиож буй Монгол Улс, Япон Улсын дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнийн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар түлхүү баяжуулж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
Монгол, Японы Стратегийн түншлэлийн шинэ хөтөлбөрийг ойрын үед байгуулах чиглэлд хоёр улсын ГХЯ нягт хамтран ажиллахаар тогтов.
Уулзалтаар талууд мөн бүс нутаг, олон улсын нөхцөл байдлын талаар ярилцав.