Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачлаагаар, Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсад “Бага насны хүүхдийн цогц хөгжил, боловсролын сүлжээ” 2022 оны 3 дугаар сард байгуулагдсан бөгөөд бага насны хүүхдийн асаргаа хамгаалал, эрүүл мэнд, хооллолт, боловсрол гэсэн хөгжлийг цогцоор нь бүрдүүлэх салбарын төлөөлөл, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд сүлжээнд нэгдсэн байна.
Тус сүлжээгээр дамжуулан 0-6 насны хүүхдийн цогц хөгжил, боловсролын салбарыг хөгжүүлэх, түүний чухал ач холбогдлыг бусад оролцогч талуудад таниулах, сүлжээний гишүүд хооронд мэдлэг туршлага харилцан солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой ажиллаж байгаа билээ.
Тус сүлжээний ээлжит уулзалтыг 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр НҮБ-ын байран дээр зохион байгуулж
- “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээ” - бодлогын баримт бичгийн хэлэлцүүлэг” болон
- Сүлжээний гурав дахь удаагийн улирлын уулзалтыг
хамтатган хийж төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн зэрэг доорх байгууллагуудын 30 гаруй төлөөлөл идэвхтэй оролцсоноороо онцлог болов. Үүнд:
- Боловсрол, шинжлэх ухааны яам
- Хөдөлмөр Нийгэм хамгааллын яам
- Эрүүл мэндийн яам
- Боловсролын ерөнхий газар
- МУБИС-ийн СӨБ-ийн сургууль
- НҮБ-ын Хүүхдийн сан
- Лоринэт сан
- Японы Хүүхдийг ивээх сан
- Азийн сан ОУБ
- Жайка (JICA) ОУБ
- Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг
- Уан Скай Монгол ОУБ
- Сайн хөрш (Good neighbors)
- Энэрэлийн түүчээ
- Өнөр бүл хүүхдийн төв
- Монгол контент (Маамуу брэнд)
- Hello baby app
- Кристина ноблийн хүүхдийн сан
- Вэлүү сан (Veloo Foundation)
Бага насны хүүхдийн цогц хөгжил гэдэг нь 0-6 насны хүүхдийн хувьд асаргаа хамгаалал, эрүүл мэнд, хооллолт, боловсролыг нь цогцоор хөгжүүлэх тухай ойлголт юм.
Бага насны хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулах нь хамгийн үр дүнтэй, урт хугацаандаа үр өгөөж өндөр ач холбогдолтой болох нь нотлогдсон байдаг байна. Тиймээс дэлхий нийтэд бага насны хүүхдийн цогц хөгжилд хөрөнгө оруулах замаар улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж эхлээд байгаа аж.
Сүлжээний энэ удаагийн уулзалтын эхний хэсэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр БШУЯ, ЭМЯ, ХНХЯ-ны хамтарсан ажлын хэсэг сүүлийн 2 жилд боловсруулсан “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээ” бодлогын баримт бичгийг дээрх байгууллагуудын төлөөлөл хэлэлцэж, сайжруулах тодорхой саналуудыг гаргасан байна.
Уулзалтын 2-р хэсэгт сүлжээний гишүүн байгууллагууд болох Монгол контент ХХК (Маамуу брэнд) болон Hellobaby app нар өөрсдийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, дижитал контент болон технологи дээр суурилсан шийдлүүдээр дамжуулан бага насны хүүхэд болон тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчид уруу чиглэн ажиллаж байгаа сайн туршлагаасаа хуваалцав.
Мөн, нэг салбарт ажиллаж буй сүлжээний гишүүдтэйгээ хамтран ажиллахад нээлттэй байгаагаа тус байгууллагын төлөөлөл нар илэрхийлэв.