Энержи Ресурс ХХК ОРОН НУТГИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2022 ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ


ОРОН НУТГИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2022

“Хариуцлагатай уул уурхайд иргэдийн оролцоо” 

Орон нутгийн нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэг

Энержи Ресурс компани нь оролцогч, сонирхогч талуудыг татан оролцуулах төлөвлөгөөг 2009 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ дагуу үнэн зөв мэдээлэл түгээхийн зэрэгцээ иргэдтэй нүүр тулж уулзан, мэдээлэл түгээх, иргэд, олон нийтийн санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгах зорилго бүхий нээлттэй өдөрлөг, олон нийтийн хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Энэ жилийн хувьд 10-р сарын 11-13-ны өдрүүдэд “Хариуцлагатай уул уурхайд иргэдийн оролцоо” сэдэвт нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлгийг уурхайн нөлөөллийн бүсийн сум болох Цогт-Овоо, Ханхонгор, Цогтцэций сумдад, орон нутгийн нийт 700 гаруй иргэдийг хамруулан амжилттай зохион байгуулжээ.

Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр компанийн ба уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны менежмент, орон нутагт оруулж буй нийгмийн хөрөнгө оруулалт, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийн талаар иргэдэд мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултанд хариулж, санал солилцсон. Мөн санал асуулга, өргөдөл гомдлын хуудас болон нээлттэй ажлын байрны анкетуудыг хүлээн авчээ.

Иргэдийн зүгээс компанийн байгаль орчны чиглэлээр хийж буй ажлуудад талархаж байдгаа илэрхийлэхийн зэрэгцээ говь нутгийн чандмань эрдэнэ болсон усыг хайрлан хямгадах, мөн  орчны  тоосжилтийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн ажлуудыг  цаашид улам сайжруулах чиглэлээр гол саналуудыг хэлж байв.

Түүнчлэн тус компаниас сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлж буй нийгмийн хариуцлагын төсөл, хөтөлбөрүүд нь орон нутгийн тогтвортой хөгжилд багагүй хувь нэмэр оруулж буйг цөөнгүй хүмүүс онцолжээ.

Нээлттэй өдөрлөгт Ухаа худаг, Баруун наран уурхайн туслан гүйцэтгэгч компаниудын төлөөлөл хамтран оролцлоо. Мөн хөндлөнгийн хяналт үнэлгээг “Афим Монголиа” ТББ хийж гүйцэтгэжээ.