УИХ-ын намрын чуулганаар 2023 оны төсвийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн онцлог нь цалин хөлсний шинэчлэлийг хэд хэдэн үе шаттай хийх бодлогод чиглэж байгааг ХНХ-ын дэд сайд С.Зулпхар өөрийн цахим хуудаснаа тэмдэглэжээ.
Тодруулбал,
1. Төрийн захиргааны 15 зэрэглэлийг 10 болгож нягтаршуулна. Үр дүнд нь төрийн захиргааны 18 мянган албан хаагчийн цалинг 4-14 хувиар нэмнэ.
2. Засгийн газар энэ жил боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний цалингийн олон шатлалыг нэг болгосон. Харин 2023 онд төрийн захиргааны олон шатлалыг халж, нэг болгоно. Өөрөөр хэлбэл ТЗ-ийн зэрэглэл бүр дотроо 1-5 (зарим нь 3) шатлалтай байсныг болиулж хамгийн их буюу 5-аар шатлалаар төрийн бүх албан хаагчийн цалинг нэмнэ. Ингэснээр үзэмжээр цалин тогтоодог систем үгүй болох юм.
3. Орон нутагт ажиллаж буй эрүүл мэнд, соёл, боловсролын салбарын албан хаагч орон нутгийн 10-20 хувийн нэмэгдэл авдаг ч төрийн захиргааны албан хаагч авдаггүй. Иймд орон нутагт ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн 20 хувийн нэмэгдлийг улсын төсвөөс олгодог болно. Энэ нэмэгдлийн хувь хэмжээг 100 хүртэл хувьд хүргэх эрхийг орон нутагт нь олгоно. Ингэснээр орон нутагт ажиллаж буй төрийн захиргааны 12 мянга орчим албан хаагчийн цалинг 20-100 хувиар нэмж, тухайн албан хаагч орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэнэ.
4. 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үүнээс доош цалин авч байсан төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг 550 мянган төгрөгөөс дээш болгож нэмнэ.
5. Төрийн албаны тухай хууль 2017 онд шинэчлэгдсэнтэй холбоотой төрийн бүх албан хаагч төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг ажилласан жилээс нь хамааруулан олгодог болсон. Тухайлбал, 6-10 жил ажилласан бол 5 хувь, 11-15 жил ажилласан бол 10 хувь, 16-20 жил ажилласан бол 15 хувь, 21-25 жил 20 хувь, 26 ба түүнээс дээш жил ажилласан бол 25 хувийн нэмэгдэл авч байсан. Энэ байдлыг өөрчилж, төрийн албан хаагчийн төрд ажилласан жил бүрийг үнэлж нэмэгдэл олгоно. Өөрөөр хэлбэл төрийн албанд ороод 5 жил ажиллаж байж анхны нэмэгдлээ авдаг байсан бол одоо 2 дахь жилээсээ нэмэгдлээ авах боломжтой.