Засгийн газраас орлогын тэгш бус байдлыг бууруулах зорилгоор хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон шууд бус орлогын нийлбэр дүн 120 сая хүртэл төгрөг бол 10 хувиар, 120-180 сая төгрөг бол 12 сая төгрөг дээр 120 сая төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 сая төгрөгөөс дээш бол 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон, албан татвар ногдуулахаар тооцжээ. Өөрөөр хэлбэл сарын дундаж орлого нь 10 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 15 хувиар, 15 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан орлогын дүнд 20 хувиар татвар ногдуулахаар тооцсон байгааг 2023 оны төсвийн төсөлд тэмдэглэжээ.
Өнгөрсөн оны хувь хүний орлогын албан татварын нэгтгэсэн тайлангаас харахад цалин ба түүнтэй адилтгах орлого олсон 817,238 иргэнээс 99.9 хувь нь 10 сая төгрөгөөс доош татвар ногдуулан цалингийн орлоготой байгаа тул уг хуулийн өөрчлөлт нийт цалин орлого бүхий иргэдийн 0.1 хувьд нөлөөлөхөөр байгаа юм.
Хувь хүний орлогын албан татвар ногдуулж буй улс орнуудын дийлэнх нь орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварын бодлого хэрэгжүүлдэг бол манай улстай ижил шатлалгүй татварын тогтолцоотой 14 улс байдаг аж.