
Б.Ринченгийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотоо тольдон харах хамгийн гоё орчин болно гэдэгт тус клубийн залуучууд итгэл төгс байна. Тэд цэцэрлэгт хүрээлэнгийн зураг дизайныг төлөвлөж, бүтээн босголтын тооцоо төсвийг гаргаж байгууллага, олон нийтийн оролцоог өргөн хамруулахаар ажиллаж байна. Олон нийтийн энэ цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 10 гаруй төрлийн 10,000 орчим мод тарьж ургуулахаас гадна иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзэж анхны зураг дизайнаа өөрчлөн алхалт, гүйлт, спортын дасгал хийдэг, хүүхэд, хөгшид салхилдаг орчин бүрдүүлсэн “Эко орчин”-той цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор төлөвлөжээ.
“Надад хэлбэл мартана, Надад харуулбал тогтооно, Надаар хийлгэвэл ойлгоно” гэдэг уриатай “My Club online community” нь сүүлийн 3 жилийн турш Богд уулын ойн нөхөн сэргээлтийн ажилд сайн дураараа оролцож байгаа бөгөөд өөрсдийн тарьж ургуулсан суулгац модоо Богд уулын 5 аманд тарьж, намар дуустал арчилгаа хийж иржээ. Түүнчлэн Монголын 16 газар хэдэн арван мянган мод ургуулахад гар бие оролцсон байна.